+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхэд унтахдаа шилээ шөргөөх нь өвчин эмгэг мөн үү?

Хүүхэд унтахдаа шилээ шөргөөх нь өвчин эмгэг мөн үү?Хүүхэд тань унтахынхаа өмнө, унтаж эхэлмэгцээ толгойгоо 2 тийш нь жигд хэмнэлээр хэсэг хугацаанд хөдөлгөх шинж таны санааг зовоож байна уу? Энэ асуудлаар та эмчид хандсан уу?

Энэ үзэгдлийг анагаах ухаанд бүр 1905 онд тодорхойлон бичсэн байдаг. Энэ шинж дийлэнх эрүүл хүүхдэд ажиглагддаг. Швед улсад хийсэн нэгэн судалгаагаар “9 сартай хүүхдийн 66% нь нойрмоглох үедээ толгойгоо 2 тийш нь жигд хэмнэлээр хөдөлгөдөг” дүн гарчээ.

Ингэж толгойгоо хөдөлгөхөөс гадна толгойгоороо дэрээ эсвэл ороо мөргөх, бүтэн биеэрээ эргэж хөрөвдөг.

Нойрмоглох үедээ жигд хэмнэлнээр хөдөлгөөн хийх нь 4 секундээс 14 минут үргэлжлэхийг хэвийнд тооцно. Энэ үзэгдэл дийлэнхидээ 1 нас гэхэд ямар нэг эмчилгээгүй өөрөө зогсдог бөгөөд 18 сартайгаас хойш үргэлжилсэн хэвээр байх нь маш цөөн хувьд тохиолдоно.

 

Унтахдаа жигд хэмнэлээр хөдөлгөөн хийдэг хүүхдийн дийлэнх нь эрүүл байдаг болохыг дахин цохон тэмдэглэж байна. Мэдрэл эсвэл сэтгэцийн эмгэгтэй хүүхдэд дээрх шинж мөн л ажиглагдах боловч илүү хүнд хэлбэрээр илэрдэг. Ийм хүүхдүүд өөрийгөө гэмтээж бэртээх хэмжээнд хөдөлгөөн хийдэг.

Одоогийн байдлаар хүүхдийн анагаах ухаан энэхүү үзэгдлийн шалтгааныг доорх 2 онолоор тайлбарлаж байна. Үүнд:

  1. Хүн төрлөхтөн хэдэн мянган жилийн өмнөөс хүүхдээ унтуулахын тулд нэгэн жигд хэмнэлээр хөдөлгөдөг: гар дээрээ бүүвэйлэх, тэргэнд нь хийж жигдхэн хөдөлгөх, зориулалтын бүүвэйлэгчид хийж хөдөлгөх гэх мэт. Энэ нь хүүхдийг унтахынхаа өмнө ижил төст хөдөлгөөн хийж сургадаг.
  2. Толгойгоо ингэж хөдөлгөх нь хүүхдийн тэнцвэрийн эрхтэнийг хөгжүүлэх гол нөхцөл болдог. Ийм хөдөлгөөн хийж тэнцвэрийн эрхтэнээ хөгжүүлэхгүй бол хүүхэд хөлд орохдоо тэнцвэрээ олоход туйлын хэцүү болж нэг хэсэгтээ л “согтуу хүн шиг” гуйвж дайвах байжээ.

Хүүхэд унтахдаа шилээ шөргөөх нь өвчин эмгэг мөн үү?Иймд нойрны эхний шатандаа шилээ шөргөөдөг хүүхдийг тань “тархины даралттай” гэж  оношлон ялангуяа “эмчилгээ” зөвлөсөн бол, түүнчлэн шилээ шөргөөдгөөс болж дагзны үс нь халцарсан хүүхдэд тань “рахит” гэж онош тавьж эмчилгээний тунгаар Д аминдэм зөвлөсөн бол эмчтэйгээ дахин сайтар ярилцахыг зөвлөж байна. Харин ч зарим “мэдрэлийн”, харшлын, бөөлжилтийн эмүүдийн дашрамын нөлөө нь ингэж илэрдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Дараах тохиолдолд хүүхдийн эмчид заавал хандаарай. Үүнд:

  • Хүүхэд нойрмоглох үедээ жигд хэмнэлээр хөдөлгөөн хийх нь 15 минут, түүнээс удаан үргэлжлэх (нойрны эмгэг, хэт хөдөлгөөнтөх эмгэг байж болох)
  • 18 сар хүрсэн хэрнээ хөдөлгөөн хийх нь үргэлжилсэн хэвээр (аутизмын нэг шинж байж болох)
  • Хийж буй хөдөлгөөн нь өөрийгөө бэртээж гэмтээдэг бол (оюуны хомсдол байж болох)
  • Хөдөлгөөн хийхдээ нүд нь сөлийж гар хөл нь чангаран дороо бааж шээдэг, завьж/хэлээ хаздаг бол (таталт байж болох)

 

Хэрвээ дээрх шинжүүдээс илэрдэг эсвэл өөр ямар нэг санаа зовох асуудал байгаа бол хүүхдийн эмчид үзүүлэхдээ хүүхэддээ видео бичлэг хийж очихыг зөвлөж байна.

  • 8 222

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/