+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхдээ наранд түлэгдэх, наршихаас яаж сэргийлэх вэ?

Хүүхдээ наранд түлэгдэх, наршихаас яаж сэргийлэх вэ?Нар бол амьд бүхний амьдрах үндсэн нөхцөл боловч хүний эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх аюултайг сүүлийн жилүүдийн баримт, судалгаа шинжилгээ харуулж байна. Нарны цацраг нь нүдэнд харагдах (гэрэл гэгээ) болон нүдэнд үл харагдах хэт улаан (нарны илч халуун дулаан) ба хэт ягаан туяанаас (хүний эрүүл мэндэд хамгийн их нөлөө үзүүлдэг) тогтоно.

Хүүхэд наранд хэтэрхий ихээр шарагдах нь насанд хүрсэн хойноо арьсны хорт хавдар, нүдний болор цайх өвчнөөр өвчлөх, эрт хөгшрөхөд шууд нөлөөлдөг төдийгүй бие махбодын дархлааг сулруулж халдварт өвчин, хавдар эсэргүүцэх чадвар, вакцинжуулалтын үр дүнг бууруулж болзошгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулж байна. Хэтэрхий халуун орчинд хүүхдийн биеийн халуунаа зохицуулах чадвар алдагдаж эрүүл мэнд төдийгүй амь насанд нь ч аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй.

Иймд доорх зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү. Үүнд:

  • Өдрийн хурц нар, хэт халуунд (10 – 16 цагийн хооронд) аль болох гадаа наранд биш, сүүдэр газар, сэрүүн өрөөнд байлгах
  • Сэнс асаах, нар тусдаг цонхны хөшгийг хаах
  • Гадаа заавал малгай өмсүүлэх, малгай аль болох том саравч/хүрээтэй байх нь нүүр төдийгүй чих, хүзүүг наранд түлэгдэхээс, мөн нүдийг хамгаалах болно. Хүүхэд дургүйцэхгүй бол нарны хамгаалалттай нүдний шил зүүлгэвэл сайн. Хүүхдүүд аав ээж, ах эгчээ дуурайдаг тул томчууд нарны шил зүүх нь тэднийг ч мөн зүүхэд тусалдаг.
  • Бие бариагүй, сул даавуун хувцас өмсүүлэх
  • Арьс ил хэсгээр нарны хамгаалалттай (SPF – Sun protection factor) лосьон (lotion) түрхэх. SPF 15 нь хэт ягаан туяаны 93%-ийг, харин SPF 30 бол 97%-ийг хааж чаддаг. Лосьоныг гадаа гарахаас 30 минутын өмнө хангалттай зузаан түрхэх ба 2 цаг тутам дахин түрхэнэ. Харин тос нь (cream) тослог өндөр, өтгөн зуурамтгай чанартай тул арьсны дулаан, хөлсийг гадагшлуулахгүй биед хуримтлуулах эрсдэлтэй.
  • 4 сар хүрээгүй хүүхдийг ойр ойрхон хөхүүлэх/угжих. Хөхөөр хооллодог бол өөр шингэн ус өгөх шаардлагагүй. Харин тэжээвэр эсвэл 4 сартайгаас дээш насны хүүхдэд хүйтэн ус, жимс ногооны шүүс бага багаар уулгах. Хүйтэн ус бүлээн эсвэл мөстэй усыг бодвол амархан шимэгддэг гэдгийг анхаарна уу.
  • Шинэ жимс, ялангуяа шийгуа, ногооны салат идүүлэх, харин өөх тос ихтэй “хүнд” хоол, чихэрлэг зүйлс өгөхгүй байх

Хүүхдийн нас бага тусам арьс нь нимгэн, эмзэг булбарай байх тул наранд маш амархан түлэгдэнэ. Ялангуяа цагаан, шар арьстай бол бор арьстай хүүхдийг бодвол наранд илүү түлэгддэг. Наранд түлэгдсэн арьс улайж хавдан хөндүүрлэн өвдөнө. Хүнд тохиолдолд цэврүү үүсч болзошгүй. Зарим тохиолдолд зовхи сэлхэрч хавагнадаг. Түлэгдсэн арьсан дээр хүйтэн усаар норгосон цэвэр алчуур тавьж болно.  Хэд хоногийн дараагаас түлэгдсэн арьс гуужих үед лосьон, чийгшүүлэгч сүүн шингэн эсвэл эмульс түрхэх нь загатнааг багасгах болно.

Хэт халуун наранд хүүхдийг олон цагаар байлгах нь арьс түлэгдэхээс гадна нарших нөхцөл болно. Нарших үед хүүхэд 39 түүнээс өндөр халуурах ба хөлс гардаггүй, парацетамолд буурдаггүй онцлогтой. Арьс нилэнхүйдээ улаан, халуун байхаас гадна толгой нь хүчтэй өвдөж бөөлжинө. Харин наршсан үед шингэн баах буюу суулгадаггүй гэдгийг мэддэг байвал зохино. Усгүйжлийн шинжүүд болох ам шүлсгүй хуурай, уйлахдаа нулимсгүй, шээс ховор, зулай хонхойх зэрэг шинжүүд илэрч болно. Энэ үед хүүхдийг сэрүүн өрөөнд оруулан сэнс асаах эсвэл ядаж сонин сэтгүүлээр сэвж сэрүүцүүлэн хүйтэн ус аль болох их уулгана. Парацетамол хэрэглэж толгойн өвдөлтийг намдаана. Хэрвээ хүүхдийн биеийн байдал сайжрахгүй бол эмчид яаралтай хандаарай!

  • 564

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/