+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхдийнхээ хагийг яаж арилгах вэ?

Хүүхэд төрснөөс хойш эхний 1-2 сартайд хуйханд шаргал өнгийн зузаан тосорхог өнгөр/хайрс  тогтох нь элбэг тохиолдох бөгөөд яваандаа ховхорч хуулрах тул бид нярай хүүхдийн хаг гэж нэрлэдэг. Харин анагаах ухаанд үүнийг seborrheic dermatitis/себорейный дерматит/тосорхог дерматит гэнэ.

Хүүхдийнхээ хагийг яаж арилгах вэ?Өнөөдрийг болтол хүүхдийн анагаах ухаанд энэхүү эмгэгийн шалтгааныг бүрэн тайлаагүй боловч дараах 2 нөхцөл байдлыг нөлөөлдөг гэж үзэж байна. Үүнд: жирэмсний сүүлийн саруудад эхэсээр дамжуулан авсан эхийн гормон хүүхдийн тосны булчирхайг идэвхижүүлдэг гэж үздэг эрдэмтэн судлаачид байхад тосны булчирхайн мөөгөнцрийн үрэвсэл гэж үзэх хэсэг бас байдаг. Одоогоор энэ 2 шалтгааны алиныг нь бүрэн батлаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд нярай хүүхдүүд хагтах нь ихэслээ хэмээн барууны хэвлэлүүд бичиж байна. Харин манай зарим нэг хэвлэлд хүүхдийнхээ толгойг угаахгүй байснаас зулайн хэсэг бохирдож дагтаршсан хаг үүсдэг хэмээн бичсэн байх нь огтоос үндэслэлгүй болно. Гэхдээ мэдээж хүүхдийн толгойг угааж байх ёстой.

Хаг нь хүүхдэд загатнах, зулайгаараа амьсгалахгүйгээс хүчилтөрөгчийн дутагдалд орох зэргээр ямар нэг зовиур өгдөггүй, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлдэггүй, ямар нэг эмчилгээгүй ойролцоогоор 6 сартайд үлдэцгүй зүгээр болдог гэдгийг мэддэг байвал зохилтой.

Зарим хүүхдэд зөвхөн хуйх биш түүнээс гадна хөмсөг, хамрын угалз зэрэгт мөн тосорхог хайрс тогтох нь бий. Түүнчлэн чинхний ар, хүзүү, суга, цавьны нугалаасууд улайж үрэвсэх нь хавсарч тохиолдоно.

Тосорхог дерматитийг харшил буюу диатез хэмээн андууран шаардлагагүй олон эмчилгээ зөвлөх нь тохиолдож байна. Дээр дурдсанчлан энэ өвчний шинж тэмдэг эхний саруудад илэрч эхэлдэг бол атопийн дерматит эхний 2-3 сар хүртэл эхлэх нь ховор. Түүнчлэн харшлын шалтгаантай бол загатнах шинж тод илэрдэг байхад тосорхог дерматитын үед загатнадаггүй бөгөөд харшилын тууралт их бие, мөчдөөр гарах нь элбэг байдгийг анхаараарай! 

Хаг нь хэдийгээр хүүхдийн эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй ч  гоо сайхны шалтгаанаар түүнийг арилгах хэрэгтэй.

Үүнд:

  • Хүүхдийн хагтсан хэсгээр ургамлын тос эсвэл хүүхдийн тос түрхэж хэдэн цагийн турш зөөллөөд дараа нь самнаж хуйхнаас хөндийрүүлнэ. Ингээд шампуниар угааж тос болоод хагийг гүйцэт арилгана.
  • Өдөр бүр хүүхдийн шампуниар хагийг арилтал угаана.
  • Зориулалтын хагны эсрэг шампуниар 7 хоногт 2-3 удаа угаана.
  • 1%-ийн гидрокортизоны тосыг өдөрт 1 удаа түрхэж болно.
  • Мөөгөнцрийн эсрэг тосыг 7 хоногт 1-2 удаа түрхэж болно.

Хүүхэд хагтай тохиолдолд хэзээ хүүхдийн эмчид хандах вэ?

  • Зөвхөн хуйханд хагтай биш биеийн бусад хэсгээр арьсны өөрчлөлттэй бол
  • Хагийг хэд хэдэн удаа арилгахад дахин үүсч байгаа бол
  • Гэртээ өөрөө арилгаж чадахгүй байгаа бол
  • 6 сар хүрснээс хойш хагтай хэвээр бол
  • Тосорхог дерматит ба атопийн дерматитийг ялгахад бэрхшээлтэй байгаа бол
  • 2 673

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/