+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Нярай хүүхдэд яагаад К аминдэм (витамин) тарьдаг вэ?

1943 онд анагаах ухааны салбар дахь Нобелийн шагналыг Данийн эрдэмтэн Henrik Dam, АНУ-ын судлаач E. A. Doisy нар нэгэн гайхамшигт бүтээлээрээ хүртсэн байдаг. Энэ бол К аминдэмийг нээсэн нээлт байлаа!

Нярай хүүхдэд яагаад К аминдэм (витамин) тарьдаг вэ?К аминдэм нь цус бүлэгнэлтэнд онцгой чухал үүрэгтэй ба дээрх нээлт цус бүлэгнэлтийн олон эмгэгийг урьдчилан сэргийлэх, эмчлэх нөхцлийг бүрдүүлсэн юм.

К аминдэм жирэмсэн эхийн ихэсийг нэвтэрч урагт бараг дамждаггүй, хөхний сүүгээр маш бага ялгардаг тул нярай хүүхдийн цусанд өчүүхэн бага хэмжээтэй байдаг. Энэ нь нярай хүүхдийг ямар нэг шалтгаангүйгээр цус алдахад хүргэх аюултай. Жишээлбэл хүй, ходоод гэдэс, хамраас цус алдаж болох ба хамгийн аюултай нь тархинд цус харвах тохиолдол юм. Үүнийг К аминдэм дутлын цус алдалт гэнэ. К аминдэм дутлын цус алдалтыг эрт (төрснөөс хойш эхний 7 хоног) ба хожуу үеийн (2-12 долоо хоног) гэж ангилах бөгөөд эхнийх нь харьцангуй хөнгөн явцтай байхад харин хожуу үеийнх нь тархинд цус харвалтаар илрэх ба нас баралт 50% байдаг.

Дэлхийн улс орнууд 1960-аад оноос хойш төрсөн нярай хүүхэд бүрт К аминдэмийг уулгах эсвэл тарих аргыг хэрэглэж байна. АНУ, Канад, Нэгдсэн Вант Улс зэрэг орнуудад хүүхдийг төрмөгц К аминдэмийг булчинд 1 удаа тарьдаг. Энэ нь К аминдэм дутлын цус алдалтын эрт болон хожуу үеийн  эмгэгийг бүрэн урьдчилан сэргийлж чадна.

Нярай хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюултай дээрх эмгэгийг урьдчилан сэргийлэх арга нь төрсөн хүүхэд бүрт К аминдэм тарих/уулгах явдал мөн.

Харин зарим орнууд, жишээлбэл Австрали, Швейцарьт тарилгатай холбоотой өвдөлт, буглаа, бэрсүү, цус/мэдрэлийн судас гэмтэх, өртөг илүү өндөр зэрэг шалтгаанаар уух аргыг хэрэглэдэг. Хүүхдийг төрмөгц уулгах нь зөвхөн эрт үеийн цус алдалтаас сэргийлдэг. Хожуу үеийн цус алдалтаас сэргийлэхийн тулд 2 ба 3 дахь тунг заавал уулгадаг.

Манай оронд К амидэмийг төрсөн нярай бүрт тарьдаг тул дийлэнх хүүхдэд 2 дахь тунг тарих/уулгах шаардлага байхгүй. Гэхдээ К аминдэм дутлын хожуу үеийн цус алдалт үүсэх эрсдэлтэй доорх тохиолдлуудад 2 дахь тунг хэрэглэх заалт гарч болзошгүйг анхаарна уу.

Үүнд:

  • Дутуу нярай
  • Бүтэлттэй төрсөн нярай
  • Төрөлтийн хүндрэлүүд (вакум соруулагч, эх барихын хавчуур)
  • Элэгний эмгэгтэй нярай
  • Нярайн эрт үедээ цус алдаж байсан
  • Эх нь жирэмсний хугацаанд К аминдэмийн идэвхийг бууруулдаг эмийн бэлдмэлүүд (уналт таталтын эсрэг бэлдмэлүүд, сүрьеэгийн эмүүд, цефалоспорины бүлгийн антибиотикууд) хэрэглэж байсан.

Эх хүүхдийн ягаан дэвтрийн 16-р хуудсанд К аминдэм тарьсан тухай тэмдэглэл байгааг шалгаарай. Хэрвээ дээр жагсаасан заалт байна гэж үзвэл
К аминдэмийн 2 дахь тунг тарих/уулгах заалт байгаа эсэхийг хүүхдийнхээ эмчид хандаж шийдүүлээрэй.

  • 1 700

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/