+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Рахит/сульдаа өвчиний талаар юу мэдвэл зохих вэ?

Удаан хугацааны туршид Д аминдэм ихээр дутагдсанаас хоол боловсруулах замаас кальций, фосфорын шимэгдэлт буурч улмаар өсч буй бие махбодийн яс зөөлрөх өвчнийг сульдаа/рахит/rickets гэнэ. Д аминдэм дутагдахад хоол боловсруулах замаас нийт кальцийн ердөө л 10-15% нь цусанд шимэгдэнэ.

Иймд өсөлт хоцрох буюу хүүхдийн жин, өндөр хэвийн хэмжээнээс бага байх, булчин сулрах, яс зөөлөрч хэлбэр дүрсээ алдах (дөрвөлжин толгой, майга эсвэл Х хөл, бугуй, шагай, өвдөгний үеэр бүдүүрэх, хавирганы яс-мөгөөрсний үе бүдүүрэх – сампингийн эрхний шинж, шууны үеэр бүдүүрч бондойн бугуйвч зүүсэн мэт болох) нь энэ өвчний үндсэн шинж юм. Сульдаа-рахит оношыг эдгээр үндсэн шинжийг нягтлан үзэж байж тавих бөгөөд энэ тохиолдолд Д аминдэмийг эмчилгээний зорилгоор тунг ихэсгэж өгдөг. Харин хүүхэд хөлрөх, шилээ шөргөөх, дагзны үс нь халцарсан байх, цочимтгой байх зэрэг нь рахитын шинж биш Д аминдэмийн тунг ихэсгэх үндэслэл болохгүйг анхааруулж байна.

Рахит/сульдаа өвчиний талаар юу мэдвэл зохих вэ?Булчин суларч яс зөөлөрснөөс шалтгаалан хүүхэд мөлхөх, хөлд орох нь хоцрох, суух болон явахад хөл нь өвдөх, сүүн шүд цоорох шинжүүд илэрнэ. Цусан дахь кальцийн хэмжээ хэт багассанаас булчингийн таталт илэрч болно. Түүнчлэн сульдаатай хүүхэд өвчлөмтгий байхаас гадна аливаа өвчнөөр илүү хүнд өвчилдөг.

Дан хөхөөр хооллодог хэрнээ Д аминдэм уудаггүй, агаар салхинд гардаггүй, дутуу төрсөн, 6 сар хүрээд нэмэгдэл хоолонд ороогүй, бор арьстай, элэг ба бөөрний хүнд өвчтэй, уналт таталтын эм (үүнд люминал буюу фенобарбитал орно), даавар (гормон) байнга хэрэглэдэг, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байх нь рахитаар өвчлөх эрсдэлт хүчин зүйл болно.

Хүүхэд 2 нас хүртлээ рахитаар өвчилж болох боловч 3-6 сартай хүүхэд хамгийн өндөр эрсдэлтэй. Гэхдээ өнөө цагт манай оронд сульдаа-рахитын тохиолдол ховор байна. Учир нь хүүхдийг хөхөөр хооллодог, нэмэлт хоол тэжээл сайн өгдөг, өрхийн эмнэлгээс үнэгүй Д2 тараагддаг, хүүхэддээ сүү, сүүн бүтээгдэхүүн хангалттай өгөх боломжтой зэрэг хүчин зүйл нөлөөлдөг.

Рахитаас урьдчилан сэргийлэхийн тулд эх жирэмсний хугацаанд пренаталь аминдэм тасралтгүй уух, гүйцэт төрсөн бол 14 хоногтойгоос, дутуу төрсөн бол төрсөн өдрөөс нь Д3 аминдэмийг хоногт 400 олон улсын нэгж/междунароная единица/international unit-ээр өдөр бүр 3 нас хүртэл нь уулгах хэрэгтэй. Харин Д2 амндэмийн идэвх Д3 аминдэмийн идэвхийн 30%-тай тэнцэх тул 3 дахин өндөр тунгаар буюу 1200 нэгжээр уулгана. Спирт агуулсан бэлдмэлүүдийг хүүхдийн эрүүл мэндэд хортой тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хорилгодог.Түүнчлэн 6 сартайгаас нэмэлт хоолонд оруулж өдөрт 2 аяга сүү, түүнтэй тэнцэх сүүн бүтээгдэхүүн өгөх шаардлагатай.

Д аминдэм хүүхдийн уураг тархины хөгжилд нэн шаардлагатай бөгөөд бага насандаа Д аминдэм байнга уух нь уураг тархины хөгжилд сайнаар нөлөөлж цаашид сэтгэцийн хувьд эрүүл байх нэг нөхцөл болдог. Д нь тосонд уусдаг аминдэм бөгөөд энэ нь бие махбодид хуримтлагддаг гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүнээс загас Д аминдэмээр баялаг бөгөөд өндөгний шар, үхрийн элэгэнд бага хэмжээгээр агуулагддаг. Ихэнх хүнсний бүтээгдэхүүнд энэхүү аминдэм  агуулагддаггүй.

Олон найрлагатай (мультивитамин) сонгохдоо Д аминдэмийн агууламжийг нь харах ёстой. Д аминдэмийн тун бага тохиолдолд хоногийн хэрэгцээг нь хангахын тулд заавраас нь ихээр уулгах нь бусад аминдэмийн тун ихсэх (ялангуяа А) аюултай. Илүүдэл жинтэй/тарган, таталтын эсрэг эм байнга уудаг, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас гадаа гарах боломж хомс, элэг бөөрний архаг өвчтэй хүүхдэд эмч илүү өндөр тун бодож зөвлөдөг.

Сүүлийн жилүүдэд цэцэрлэг сургуулийн насныхан зурагт, компьютер, видео тоглоом тоглох нь эрс ихсэж гадаа тоглох нь багассан, цэцэрлэг/сургууль руугаа, гэртээ алхаж очихын оронд машин автобусаар явах болсон, сүүний оронд ундаа жүүс уух болсон зэрэг шалтгаанаар тэдэнд ч рахитын шинж илрэх болсныг хөгжсөн орнуудын хүүхдийн эмч нар анхааруулж байна.

Хүүхдийн цээж /өвчүүний хонхорхой эсвэл төвгөр байхад сульдаа-рахит гэж андуу онош тавьдаг явдал ажиглагддаг. Гэтэл “Өвчүүний төрөлхийн хонхойлт / Pectus exavatum” “Шувуун цээж / Pectus carinatum”  нь төрөлхийн гаж хөгжил юм. Төрөлхийн гаж хөгжил учир хүүхдийн мэс заслын эмчийн хяналтанд эмчлэгддэг. Өвчүүний төрөлхийн хонхойлтын мэс заслын эмчилгээний заалт нь хүүхдийн нас, хонхойлтын зэрэг, гоо сайхны бйадал болон уушиг, зүрхний үйл ажиллагаанд нөлөөлж бу нөлөөлөл зэргээс хамаардаг.

  • 2 040

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/