+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Төмөртэй поливайтыг хэзээ уулгах вэ?

Төмөр нь бие махбодид зайлшгүй шаардлагатай бичил бодис бөгөөд хүний биед агуулагдах нийт төмрийн 70% нь цусны улаан эсийн гемоглобин хэмээх уургийн бүтцэд байдаг. Энэхүү гемоглобин нь хүчилтөрөгчийг эд эсэд зөөвөрлөдөг. Өөрөөр хэлбэл төмөр цус төлжилтөнд хамгийн чухал үүрэгтэй. Төмөр дутагдахад цус багадалт үүсч улмаар эд эрхтэний хүчилтөрөгчийн дутагдал үүснэ. Үүнээс болж хүүхдийн бие бялдар, сэтгэц оюуны хөгжил хоцорч хүүхэд өвчлөмтгий болох эрсдэлтэй.

Арьс цонхийж цайх, амархан ядрах, зүрхний цохилт олшрох, уцаартай, биеийн жингээ хангалттай нэмэхгүй, хоолны дуршил муу байх зэрэг нь цус багадалтын шинжүүд болно.

Жирэмсний сүүлийн 3 сарын хугацаанд ургийн бие махбодид төмөр хуримтлагдана. Иймд дутуу төрсөн хүүхэд хэдэн долоо хоногтойдоо төрснөөсөө шалтгаалан төмрийн хуримтлал бага/маш бага/ эсвэл төмөр дуталгүй төрдөг. Жирэмсэн эх цус багадалттай байх, төмрийн бэлдмэл/түүнийг агуулсан мультивитамин уугаагүй нь хүүхэд төмрийн нөөц багатай төрөх шалтгаан болдог.

Хөхний сүүний төмрийн агууламж бага боловч хугацаандаа, хэвийн жинтэй (3-4 кг) төрсөн хүүхэд төмрийн хангалттай нөөцтэй төрөх бөгөөд энэ нь 4-6 сарын хэрэгцээг нь бүрэн хангадаг. Иймд эдгээр хүүхдэд төмөртэй мультивитамин өгөх шаардлагагүй бөгөөд 4-6 сартайгаас нэмэгдэл хоолонд оруулж шаардлагатай төмрөө хоол тэжээлээсээ авах нөхцөл бүрдүүлнэ.

 Дараах хүнсний бүтээгдэхүүн хөхүүл насныханд төмрийн эх үүсвэр болно: үхэр, хонь, тахианы мах, цэцэгт байцаа, бүхэл үрийн гурил/талх/боов, өндөг. Хүүхдийнхээ бантанг махны шөлөнд хийх бус заавал махтай нь илүүлнэ гэдгийг анхаараарай! Маханд агуулагдах төмрийн шимэгдэлт нь бусад бүтээгдэхүүнд агуулагдах төмрийн шимэгдэлтээс илүү байдаг. Түүнчлэн хүүхдийн кашнуудыг бараг бүгдийг нь төмрөөр баяжуулсан байдаг. Манай улсад “Улаанбаатар гурил” ХХК бүх төрлийн гурлыг төмрөөр баяжуулан гаргаж байна. 

Дээрх мэдээлэлээс дүгнэвэл хугацаандаа, хэвийн жинтэй төрсөн, хөхөөр, угжаар эсвэл холимог (төмрөөр баяжуулаагүй хүүхдийн тэжээл гэж байхгүй) хооллож буй хүүхдэд төмөр уулгах шаардлага байхгүй. Хүүхэддээ төмөртэй мультивитаминыг “зүгээр л” битгий өгөөрэй. Учир нь цусан дахь төмрийн хэмжээ ихсэх нь ходоод гэдэс, элэгийг гэмтээх эрсдэлтэй. Иймд төмөртэй аминдэмүүдийг өгөх эсэхээ заавал хүүхдийн эмчтэй ярилцаж шийдэх хэрэгтэй.

Харин дутуу (37 долоо хоногоос өмнө) болон маш бага жинтэй төрсөн (1,5 кг-аас бага) нярай хүүхдэд 1 сартайгаас 1 нас хүртэл төмөртэй мультивитаминыг өдөр бүр өгөх шаардлагатай. Ингэхдээ тухайн бэлдмэлийн заавар, эмчийн зөвөлгөөг чанд баримтлах шаардлагатай.

Төмөртэй бэлдмэлүүдийн элбэг тохиолддог дашрамын нөлөөнд өтгөн хатах эсвэл суулгах, үүнээс болж хүүхэд тайван биш болох мөн дотор муухайрах, бөөлжих, үүнээс болж хоолны дуршил муудах шинжүүд орно.

Түүнчлэн хүүхэд чинь 6 сараас дээш настай, дээр дурдсан төмрөөр баялаг хоол хүнс идэж чадахгүй, цус багадалтын шинжүүд илэрч байна гэж бодож байгаа бол хүүхдийн эмчид заавал хандаж төмрийн бэлдмэл уулгах талаар зөвөлгөө аваарай.

  • 733

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/