+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хөхүүл хүүхдийн цанх татах яаж илрэх вэ?

Эрүүл, жингээ хэвийн нэмж байгаа, хоолондоо сайн хөхүүл насны хүүхэд үе үе, юунд ч тайвшрахгүй, хэдэн арван минутаас хэдэн цаг хүртэл зогсолтгүй чанга бахирч чарлаж уйлахыг цанх татах гэнэ.

Эцэг эхчүүдэд хүүхдийнх нь ямар нэг юм маш хүчтэй өвдөж буй сэтгэгдэл төрж тэд их айж сандарч сэтгэл санаагаар унадаг. Ээж нар хүүхдээ даган уйлж тусламж эрэн хүүхдийн эмч, түргэн тусламж, бариач, туслаж болох хэн нэгэнтэй холбогдон эмчид ханддаг. Харамсалтай нь олон тохиолдолд цанх татдаг хүүхдэд тархины даралт, чихний өвчин, ханиад зэрэг онош тавьж шаардлагагүй эмчилгээ зөвлөх нь олонтаа.

Хөхүүл хүүхдийн цанх татах яаж илрэх вэ?Ингэж уйлах нь их элбэг, ойролцоогоор 5 хүүхдийн 1-д тохиолддог. Ихэвчлэн хөхөөр хооллодог хүүхдэд 1 сар орчимтойгоос эхлэн хүүхдийг 4-5 сар хүрэхэд ингэж уйлах нь өөрөө аяндаа болино. Эрүүл хүүхэд 7 хоногтоо 3-аас доошгүй удаа бараг тогтмол нэг цагт (дийлэнх хүүхэд үдээс хойш, оройдоо), хоногтоо 3-аас илүү цаг (заавал нэг удаадаа биш) уйлах нь 3 долоо хоногоос удаан үргэлжилж байвал хүүхдийн чинь цанх татаж байна гэж үзнэ. Өөрөөр хэлбэл эрүүл хүүхэд гэнэт, мэдэгдэх шалтгаангүйгээр, үе үе юунд ч тайвшрахгүй уйлах юм. Эцэг эхчүүд “зүүнд хатгуулсан” юм шиг уйлаад байна гэдэг. Хүүхэд өвдөг, түнхээ нугалан хөлөө хэвлийдээ нааж сарвуугаа чанга зангидан хэвлийн булчин нь чангарсан байдалтай уйлдаг.

Өнөөдрийг хүртэл хөхүүл хүүхдийн цанх татах шалтгааныг хүүхдийн анагаахын шинжлэх ухаан олоогүй байна. Хэд хэдэн нөхцөл байдлыг авч үзэж буй боловч аль нь ч одоогоор батлагдаагүй. Үүнд: харшил, хүүхдийн хоол боловсруулах тогтолцоо гүйцэт хөгжөөгүй байх, эхийн хооллолт, эхийн сэтгэл гутрал, эх жирэмсэн үедээ тамхи татах гэх мэт.

Гэхдээ хүүхдийн цанх татах нь өвчин эмгэг биш бөгөөд түүний эрүүл мэнд, цаашдын өсөлт хөгжилд огтхон ч сөргөөр нөлөөлдөггүй нь нотлогдсон.

Ингэж уйлдаг хүүхдэд мэдлэг, туршлагатай эмч асуумж авч үзлэг хийгээд эмгэг шинж илрэхгүй бол цанх татах хэмээн оношлоно. Ихэнх тохиолдолд ямар нэг шинжилгээ шаардлагагагүй, зарим эргэлзээтэй цөөн тохиолдолд эмч шинжилгээнд илгээж болно.

Эмчилгээний хувьд одоогоор цанх татсан хүүхдийг тайвшруулах үр дүнтэй арга байхгүй хэвээр байна. Олон ээж, эмч нар Gas-relief буюу simethicone зөвлөдөг боловч үр дүн нь нотлогдоогүй юм Хүүхэд эхийн хэвлийд 9 сар бойжихдоо ургийн усан дотор усны чимээ болон эхийн зүрхний цохилтыг сонсож дассан тул төрснийхөө дараа энэхүү хоёр дуу чимээг санагалздаг байж болох юм гэж тайлбарладаг. Иймээс усны чимээ түүнтэй ижил төстэй дуу зарим хүүхдийг тайвшруулдаг байна. Ойр ойрхон хооллох нь уйлах шалтгаан болдог хүүхэд бий. Түүнчлэн эхийн хоол хүнснээс каффеин, сонгино, сармис зэрэг цочроож болзошгүй гэсэн зүйлсийг хасаад үзэх хэрэгтэй. Шалтгаангүй уйлж байгаа хүүхдээ чухам ямар дуу хөгжимд, ямар байрлалд тайвширч байгааг ажиглаж олохыг хичээгээрэй.

Дараах аргуудаас аль нь уйлж буй хүүхдийг тань тайвшруулж байгааг ажиглаж хэрэглээрэй. Үүнд:

  • Хүүхдийг тэврээд алхах, бүүвэйлэх
  • Гадаа авч гарах
  • Өлгийдэх
  • Хэт их хөхүүлэхгүй байх, 2-оос доошгүй цагийн зай барих
  • Угжны хүүхдийнхээ сүүг солих шаардлага бий эсэхийг хүүхдийнхээ эмчтэй ярилцах
  • Хүүхдээ доош нь харуулж тэврэх Янз бүрийн хөгжим, дуу авиа сонсгох

Зарим эцэг эхчүүд хүүхэд нь юунд ч тайвшрахгүй уйлахад сэгсрэх аргыг хэрэглэдэг. Хүүхдээ ямар ч тохиолдолд сэгсэрч болохгүй. Энэ нь тархины хүнд гэмтэл үүсгэх эрсдэлтэй.

  • 2 890

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/