+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Нярай хүүхэд яагаад шарладаг вэ?

Насанд хүрсэн хүний цусны улаан эс (эд эсэд хүчилтөрөгч зөөвөрлөх үндсэн үүрэгтэй) ойролцоогоор 120 хоног амьдардаг. Улаан эс “хөгширч” гадна бүрхүүл нь эвдэрч гэмтэхэд дэлүү тэдгээрийг таньж цуснаас шүүдэг. Дэлүүнд задарсан улаан эснээс билирубин хэмээх шар өнгөтэй, хортой бодис чөлөөлөгдөх бөгөөд энэ бодис цусаар элгэнд очиж тэндээ хоргүйжүүлэгдэн улмаар баасаар биеэс зайлуулагдана. Яг үүнтэй зэрэгцэн ясны хэмэнд шинэ улаан эс тасралтгүй (1 секундэд 2 сая) боловсорч байдаг. Ураг байх үед ч түүний улаан эсийн задрал явагдана. Харин ургийн билирубиныг эхийн элэг хоргүйжүүлж гадагшлуулдаг. Ураг өөрийн уушгиар амьсгалдаггүй, эхийн цусны хүчилтөрөгчөөр хангагдаж байдаг тул насанд хүрэгсэдийг бодвол илүү олон улаан эстэй төдийгүй улаан эс нь илүү том хэмжээтэй байдаг. Түүнчлэн нярай хүүхдийн улаан эсийн амьдрах хугацаа богино буюу 70-90 хоног байна. Хүүхэд төрмөгц эдгээр улаан эсүүд задрахад билирубин ихээр ялгардаг. Гэтэл нярай хүүхдийн элэг энэхүү билирубиныг бүгдийг нь хоргүйжүүлэх хэмжээнд гүйцэт хөгжөөгүй байдаг тул цусан дахь хэмжээ нь ихэсч арьс, салст, нүдний цагааныг шар өнгөөр будна. Ойролцоогоор 2 долоо хоногийн дараа улаан эсийн задрал багасч элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагаа сайжирч шарлалт арилдаг.

Гүйцэт төрсөн нярайн 50-60%, дутуу төрсөн нярайн 80%-д шарлалт явагддаг. Өөрөөр хэлбэл дийлэнх нярай хүүхдийн хувьд шарлалт /Neonatal  Jaundice/ ямар ч аюулгүй, ямар нэг эмчилгээгүй өөрөө арилдаг гэсэн үг.

Нярай хүүхэд яагаад шарладаг вэ?Гэвч ховор тохиолдолд цусан дахь билирубины хэмжээ хэт ихсэх нь хүүхдийн уураг тархийг эргэшгүйгээр гэмтээх аюултай. Шарлалттай хүүхэд унтаарч сул унжгар байх, хөхөө хөхөх чадваргүй болох, бөөлжих, сэрэхгүй байнга унтах эсвэл байнга чангаар бахирч уйлах шинж илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй. Цаг хугацаа алдаж өвчин  даамжрах тохиолдолд булчин чангарч нумрах, татах шинжүүд илэрч болзошгүй бөгөөд цаашид оюуны хомсдол, саа саажилт, дүлийрэх, сохрох ч эрсдэлтэй. Азаар өнөөдөр энэхүү хүнд эмгэгийг урьдчилан сэргийлэх бүрэн боломж анагаах ухаанд байна.

Нярайн физиологийн шарлалтаас гадна эх нь чихрийн шижинтэй, эх хүүхдийн цусны үл тохироо, урд төрөлтийн хүүхдүүд шарлалттай байсан,  тархинд цус харвасан эсвэл хуйхан дор цус хурсан (кефалогематом), ургийн халдвартай хүүхдэд шарлалт илүү хүнд явагддаг. Түүнчлэн элэг,  цөсний сувгийн гаж хөгжилтэй хүүхэд шарлалттай байх ба энэ үед баас нь цагаан, шээс нь өтгөн гарах тул эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Харин хөхний сүүний шарлалт нь ихээхэн ховор буюу 200 хүүхдэд ойролцоогоор 1 тохиолдох бөгөөд ямар нэг эмчилгээ шаарддаггүй хөнгөн явцтай тул  хөхөөр хооллохыг зогсоох шалтгаан болох ёсгүй. Иймд ямар ч шалтгаантай байлаа шарлалттай хүүхдийг үргэлжлүүлэн хөхүүлэх ёстой.

Харин ч хөхөө аль болох ойрхон, удаан хөхүүлэх нь нярайн аливаа шарлалтын үндсэн эмчилгээ гэж ойлгох хэрэгтэй.

Хүүхдийн нас хэдий чинээ бага байна төдий чинээ уураг тархи нь эмзэг учир бага билирубинд тархи нь гэмтдэг. Иймд амьдралын эхний 2-3 долоо хоног, ялангуяа эхний хэд хоног тархи гэмтэх аюултай. Харин хүүхдийн тархи өдөр өдрөөр билирубинд тэсвэртэй болох тул гүйцэт төрсөн бол 2 долоо хоног, дутуу төрсөн бол 3 долоо хоногоос цааш шарлалтанд эмчилгээ шаардагдах нь туйлын ховор. Өөрөөр хэлбэл манайхны ойлгодог шиг шарлалт удах нь аюултай гэхээсээ илүү хүүхдийн нас бага байх тусам аюултай гэдгийг сайтар ойлговол зохино.

Хүнд биш шарлалтын үед хамгийн чухал зүйл бол аль болох ойр ойрхон удаан хөхүүлэх явдал гэдгийг дээр дурдсан. Хөхөө сайн хөхөж байгаа, жингээ зохих ёсоор нэмж байгаа шарлалттай хүүхдэд ус уулгах, судсаар шингэн сэлбэх шаардлагагүй, эдгээр нь шарлалтыг бууруулах ямар нэг үр нөлөөгүй болохыг анхаараарай. Нярайн шарлалтын үед амаар болоод судсаар шингэн сэлбэхийг АНУ-д хориглоод 10 жил болж байна. Харин төрөх үеийн жингийнхээ 10% түүнээс ихийг алдсан, усгүйжлийн шинж илэрч байгаа бол энэ эмчилгээг хийх заалттай.

Хүнд шарлалтын хамгийн үр дүнтэй эмчилгээ нь фото шарлага юм.

Харин манайд өргөнөөр хэрэглэж буй Лив-52, урсофалк/урдестон, идэвхижүүлсэн нүүрс/карболен, карсил, магний сульфат зэрэг нь нярайн шарлалтыг бууруулдаггүй бөгөөд зарим бэлдмэлийн аюулгүй эсэх нь анагаах ухаанд эргэлзээтэй байгаа тул өндөр хөгжилтэй орнуудад нярайн шарлалтын үед эмчилгээнд хэрэглэдэггүй болохыг анхаарна уу.

  • 2 221

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/