+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхдийн төмсөг хуухнагтаа буугаагүй тохиолдолд яах вэ?

Хугацаандаа, гүйцэд төрсөн эрэгтэй хүүхдийн төмсөг хуйхагтаа буусан байх ёстой. Хүүхэд эхээс төрөхөд нэг, эсвэл хоёр төмсөг нь хуухнагтаа буугаагүй байхыг крипторхизм гэнэ. Төмсөг нь зууван хэлбэртэй хос эрхтэн бөгөөд эр бэлгийн эс боловсруулах, тестостерон хэмээх даавар нийлэгжүүлэх үүрэгтэй. Төмсөг нь нэг ижил түвшинд зэрэгцэж байрладаггүй, бага зэрэг дээр доор байдаг. Ийм учраас л гүйх, дугуй унах, морь унах зэрэгт төмсөг өөр хоорондоо “мөргөлдөөд” байдаггүй байна.  

Урагт 5-6 долоо хоногтойд хүйсний ялгаа гарч, 7-8 долоо хоногтойд эрэгтэй урагт хэвлийд төмсөг үүсч эхэлнэ. Харин 28 дахь долоо хоногтойгоос хэвлийгээс цавьны сувгаар аажмаар доошилж, 35-40 долоо хоногтойд хуухнагт бууна. Ихэвчлэн нэг төмсөг буугаагүй байх нь тохиолдох бөгөөд 10%-д 2 төмсөг буугаагүй байдаг. Буугаагүй төмсөг хүүхдэд ямар нэг зовиур өгдөггүй.

 

Төмсөгний хэвийн өсөлт хөгжилт, үйл ажиллагааг хангахын тулд биеийн дулаанаас 3-5 хэм бага орчин хэрэгтэй. Иймд төмсөг хэвлийд бус хуухнагт байдаг. Гэхдээ төмсөг хамгаалалтын рефлекстэй, тодруулбал хуухнагт хүрэх, цохих, эмч төмсөгийг тэмтэрч үзэх үед болон даарах эсвэл өвдөх үед төмсөгийг дээш татдаг булчин агшиж төмсөг цавь орчимд ордог. Энэ үед төмсөг буугаагүй мэт болдогийг мэдэх хэрэгтэй.

Хугацаандаа төрсөн эрэгтэй хүүхдийн ердөө 3%-д төмсөг буугаагүй байхад дутуу төрсөн хүүхдэд энэ нь 30 хүртэл хувьд тохиолддог. Ямар шалтгаанаар төмсөг хуухнагтаа буудаггүй нь одоогоор бүрэн тодорхой болоогүй ч удамшил (аав, бусад хүүхдийнх нь төмсөг буугаагүй байсан), ээж нь тарган, чихрийн шижинтэй, жирэмсэн үедээ тамхи татаж, архи ууж байсан зэрэг эрсдэлт хүчин зүйлсийг нөлөөдөг гэж үздэг.

Хүүхдийг төрмөгц эмчийн үзлэгээр оношлох боломжтой. Тэмтрэлтээр хуухнагт төмсөг тэмтрэгдэхгүй бөгөөд энэ тохиолдолд төмсөг хэвлийд эсвэл цавьны сувагт байж болно. Төмсөгний хатингаршил (маш жижиг хэмжээтэй) эсвэл төрөлхийн төмсөггүй тохиолдол ч байхыг үгүйсгэхгүй.

Зарим тохиолдолд төмсөг ямар нэг эмчилгээгүй амьдралын эхний 3-6 сард өөрөө хуухнагтаа бууна. Харин үүнээс хойш хугацаанд төмсөг буугаагүй бол заавал хүүхдийн мэс заслын эмчид хандаарай. Учир нь 3-6 сараас хойш төмсөг өөрөө буух магадлал маш бага болдог.

Буугаагүй төмсөгийг мэс заслын аргаар (Orchidopexy) эмчилнэ. Хагалгааг 6 сараас 1 насны хооронд, оройтлоо гэхэд 2 наснаас өмнө заавал буулгах заалттай. Учир нь үүнээс оройтож мэс засал хийлгэх нь:

  • Үр тогтоох чавдарт сөргөөр нөлөөлөх
  • Төмсөгний хорт хавдар үүсэх
  • Төмсөг умдагны ясанд холгогдож гэмтэх
  • Хүүхэд ичих, өөртөө итгэлгүй болох, өөрийгөө дорд үзэх үзэлтэй болох зэрэг хүндрэл үүсгэж болзошгүй.

Хагалгааны үр дүн маш өндөр. Хэрвээ нэг төмсөг буулгасан бол үр тогтоох чадвар бараг 100% хадгалагддаг бол 2 төмсөг буулгахад энэ үзүүлэлт 65% хүртэл буурна. Иймд хагалгааны дараа хүүхдийн мэс заслын эмчийн байнгын хяналт шаардлагатай. Төмсөгийг тэмтэрч үзэхээс гадна шаардлагатай гэж үзвэл Эход харуулах, гормоны шинжилгээ хийлгэнэ. Хүүхэд өсч бэлгийн бойжилт эхлэхэд төмсөгөө хэрхэн тэмтэрч шалгахыг өөрт нь зааж сургана. Энэ нь төмсөгний өсөлт хөгжилтийг үнэлэх, хавдрыг эрт илрүүлэхэд чухал ач холбогдолтой.

Мэс засал эмчилгээ оройтох тусам төмсөгний хэвийн өсөлт хөгжилт саарч цаашид үр тогтоох чадварт нь сөргөөр нөлөөлнө. 

  • 4 482

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/