+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Ивэрхий юу? Уйланхай юу?

Цавь, цавь хуйхнагийн ивэрхий болон уйланхай нь хүүхдийн мэс заслын зонхилон тохиолдох эмгэгүүдийн нэг юм.

Төмсөг ургийн 28 дахь долоо хоногтойгоос хэвлийгээс цавьны сувгаар аажмаар доошилж, 35-40 долоо хоногтойд хуйхнагт буудаг. Төмсөг буух энэ үйл явцыг хэвлийн гялтан гүйцэтгэж төмсөгийг хуйхнагт буулгасны дараа битүүрдэг. Гэтэл уг “уут” хэлбэрийн сунасан гялтангийн хэсэг битүүрэхгүй тохиолдолд уйланхай эсвэл ивэрхий үүсэх нөхцөл бүрдэнэ. Цавь орчмын цагаан цоройн нүх хэмжээгээр бага зэрэг бол хэвлийн шингэн уг уутанд орж уйланхай бий болох бөгөөд хэрэв том хэмжээтэй бол түүгээр гэдэсний гогцоо орж ивэрхий үүснэ.

Уйланхай (Hydrocele)

Хүүхдэд ихэвчлэн нэг талын уйланхай тохиолдоно. Уйланхай нь шаар маягийн зуйван  хэлбэртэй байдаг. Уйланхайн дээд хэсэг хэвлийтэй холбоотой байх бөгөөд жирэмсний сүүлийн 3 сар эсвэл амьдралын эхний жилийн дотор өөрөө битүүрдэг. Ийм учраас уйланхайг 1 нас хүртэл ажигладаг. Уйланхай 1 нас гэхэд өөрөө зүгээр болохгүй тохиолдолд түүнээс цааш эдгэрэх магадлал маш бага тул хагалгаанд орох шаардлагатай болно. Уйланхай нь төмсөгийг хамарсан эсвэл түүний дээд хэсэгт байж болно. Доторх шингэн нь гаднаасаа гэрэлтэн харагдаж болох бөгөөд ялангуяа ар доод талаас нь жижиг гар чийдэнгээр гэрэлтүүлвэл илүү сайн мэдэгддэг.

Ивэрхий (Inguinal hernia)

Хүүхдийн мэс заслын эмчийн үзлэгээр уйланхай, ивэрхийг амархан ялгах бөгөөд шаардлагатай цөөн тохиолдолд эход харуулахаар илгээдэг.

Ивэрхий гэж оношлосон бол төлөвлөж хагалгаанд орох заалттай. Учир нь ивэрхий өөрөө эдгэрдэггүй бөгөөд харин ч хүүхэд томрох тусам хүндэрч (хавчигдаж) болзошгүй байдаг. Хагалгаа хийх тохиромжтой нас нь 6 сараас 1 насны хооронд юм. Гэвч хүүхэд зовиуртай, хүүхдийг асрахад төвөгтэй бол 6 сараас өмнө хагалгаа хийж болно. 

Ивэрхийний осолтой хүндрэл нь гэдэсний гогцоо хавчигдах бөгөөд энэ нь хүүхдийн амь насанд ч аюултай нөхцөл байдал үүсгэж болзошгүйг анхаарах хэрэгтэй! Ивэрхийтэй хүүхэд тань гэнэт зогсолтгүй чанга уйлж, халуурч, төмсөг нь хавдаж улайвал ивэрхий хавчигдсан байх өндөр магадлалтай тул хүүхдийн мэс заслын эмчид яаралтай хандах шаардлагатай.

Эмэгтэй хүүхдэд цавьны ивэрхий оношлогдвол хойшлуулашгүй журмаар хагалгаанд оруулах ёстой. Учир нь өндгөвч орж хавчигдвал үхжих эрсдэлтэй байдаг.

Уйланхай, ивэрхийний хагалгааг өдрийн мэс заслын журмаар хийх боломжтой. Өөрөөр хэлбэл хагалгаанд орсон өдрөө гэртээ харьж болно гэсэн үг. Хагалгааны дараа 1-2 өдөр эмчийн зааврын дагуу өвдөлт намдаах эм уулгах эсвэл лаа хийж болно. Хагалгааны маргаашнаас усанд орж хэвийн хооллож эхэлнэ. Хагалгааны дараа 10 хоноод хүүхдийн мэс заслын эмчид үзүүлнэ. Хүндрэл гарах нь ховор боловч нөгөө талд уйланхай эсвэл ивэрхий үүсэх нь бий. Судалгаагаар энэ магадлал 3-10% гэж үздэг.

  • 3 741

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/