+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Охидын бэлэг эрхтэн яагаад үрэвсэж улайдаг вэ?

Охидын гадна болон дотно бэлэг эрхтэний салст бүрхүүл бэлгийн бойжилт эхлэхээс өмнө маш нимгэн учир ихэд эмзэг, хамгаалах чадваргүй байдаг. Иймд гадны элдэв нөлөөнд амархан цочирч үрэвсдэг. Ингэснээр гадна бэлэг эрхтэн улайж загатнах, цагаан юм гарах ба шээхэд зовиуртай болно.

Охидын бэлэг эрхтэн яагаад үрэвсэж улайдаг вэ?Шалтгааны хувьд баастай живхийг солихгүй удах, бөгсийг хойноос урагш арчих, саван, шампунь, ванны хөөс, өнгө үнэртэй ариун цэврийн цаас хэрэглэх, цагаан хорхой, синтетик материалтай дотуур өмд зэрэг байж болно.

Бага насны охидын хувьд дотуур нь өмд нь бариу байх, бохир гараараа бэлэг эрхтэнээ оролдох нь үрэвсэх шалтгаан болдог. Мариа ихтэй, тарган,  экземтай бол бэлэг эрхтэн үрэвсэж улайх нь элбэг. Бага насны охидод мөөгөнцөрийн шалтгаантай бэлэг эрхтэний үрэвсэл ихээхэн ховор юм.

Иймд охидын бөгсийг урдаас хойш арчих, усанд оруулахдаа шүршүүрт толгой, биеийг нь угаах, усанд орсны дараа бэлэг эрхтэнг цэвэр усаар сайтар зайлж саван хөөсийг бүрэн арилгах, үнэргүй, будаг, зураггүй цагаан өнгөтэй ариун цэврийн цаас хэрэглэх, угаахад будаг гардаггүй цэвэр хөвөн даавун дотуур өмд өмсүүлэх зэрэг нь охидын бэлэг эрхтэн үрэвсэж улайхаас сэргийлэх болно.

Хүүхдээ баасны дараа бөгсийг савангаар угаах шаардлагагүй, дээш нь харуулж тэврээд крантны бүлээн усаар угаахад л хангалттай. Бөгсийг угаахдаа доош нь харуулж тэвэрвэл баастай ус бэлэг эрхтэн рүү урсана гэдгийг анхаараарай.

Хэрвээ усанд оруулсны дараа саван/шампунь/ванны хөөсөнд цочирч улайсан бол хүүхдийнхээ ваннад бүлээн ус дүүргээд 4 цайны халбага хүнсний сод хийж 10 мин суулгаарай. Үүнийг 2 орой дараалан хийнэ. Саван/шампунь/ванны хөөс нь хүчиллэг тул сод тэдгээрийг саармагжуулах үйлдэлтэй.   

Түүнчлэн бэлэг эрхтэн улайж үрэвссэн тохиолдолд шөнө унтахад нь дотуур өмд өмсүүлэхгүй “амьсгалуулж” байх нь тустай.  

Цэцэрлэг, сургуулийн насны охидын хувьд бие засах газар, жорлонгийн суултуур нь бохир байснаас болж халдвар авах, шээсээ олон цагаар барих, сургууль дээрээ шээхгүйн тулд шингэн юм уухгүй байх зэрэг нь өтгөн шээс гарах, тэр нь бэлэг эрхтэнг цочроох нэг нөхцөл болдогийг мэдэхэд илүүдэхгүй. Иймд шингэн хангалттай уулгаж ойр ойрхон шээлгэж байх нь бэлэг эрхтэн үрэвсэж улайхаас сэргийлэх болно.

Харин бэлгийн бойжилт эхлэх үеэс охидын бэлэг эрхтэн илүү хамгаалах чадвартай болж амархан цочирч  үрэвсэхээ больдог.

  • 4 541

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/