+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхдээ сургуульд хэрхэн бэлтгэх вэ?

Хүүхдээ сургуульд хэрхэн бэлтгэх вэ?Хүүхэддээ сургууль сонгох нь цаг хугацаа нилээд зарцуулсан, ихээхэн хариуцлагатай үйл явц билээ. Танай гэр бүлийн улсын эсвэл хувийн сургуулийг илүүд үздэг үзэл бодол, хүүхдийнхээ авъяас сонирхол (гадаад хэл, математик гэх мэт гүнзийрүүлсэн эсвэл төрөлжсөн) байршил буюу гэр эсвэл ажилтай тань ойрхон, нийтийн тээврээр амар хялбар хүрэх боломж эсвэл сургуулийн автобустай эсэх, багшийн мэдлэг ур чадвар, ах дүү, найз нөхөд аль сургуулийг санал болгож байгаа, багш сургуулийн нэр хүнд, хичээлийн бус цагаар спорт, урлагийн секц дугуйланд хүүхдээ явуулах боломж, төлбөр, сургалтын хөтөлбөр (Монгол, Кембридж,Турк, Герман, Орос), тухайн сургуулийн үнэт зүйлс зэргийг харгалзан үзэх хэрэгтэй. Ингээд таалагдаж буй сургуулиудийнхаа жагсаалтыг гаргаж интернэтээр судлах, сургууль дээр нь очиж үзэх зэргээр зөв сонголт хийгээрэй.

Хүүхдээ сургуульд бэлтгэх нь тэднийг аливааг сурч мэдэх дур сонирхол, хүсэл эрмэлзлэлтэй болгох, амьдралд гарч буй өөрчлөлт нь аз жаргал авчирдаг гэдгийг ойлгуулах зорилготой.

Эртнээс хүүхэдтэйгээ сургуулийн тухай харилцан ярилцана. Тэд сургуулийн тухай ямар нэг ойлголттой хэдийнээ болсон байдаг тул өөрөө хэлж өгөхөөс илүүтэйгээр асуулт асууж өөрийнх нь санал бодлыг сонсож харилцан ярилцах нь илүү үр дүнтэй. Хэрвээ хүүхэд чинь сургуулийн тухай буруу, сөрөг ойлголттой бол түүнийг нь засч залруулах замаар ярилцана.

Цэцэрлэгт явж байсан хүүхдүүд сургуульд сайн бэлтгэгдсэн байдаг. Харин цэцэрлэгт явж байгаагүй бол нилээд бэлтгэл шаардлагатай. 

Хүүхдээ сонсгож сургах маш чухал. Хүний үгийг таслахгүй сонсох ёстойг ойлгуулан дасгал хийнэ. Богино өгүүлэл, үлгэр зэргийг уншиж өгөөд цөөн асуулт асуух, утгыг нь яриулах замаар ойлголтыг нь шалгаж болно. Тоглоомын аргаар тоо тоолуулж бодуулах хэрэгтэй. Эвлүүлдэг тоглоомууд хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхэд тустай. Хүүхдээ хүнс, барааны дэлгүүр, шуудан, тоглоомын газар, музей, үзэсгэлэн, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудаар авч явж танилцуулах, зааж өгөх, шинэ юм үзэж харж, сурч мэдэх нь аз жаргалтай, хөгжилтэй, сонирхолтой явц гэдгийг ойлгуулна. Хүүхдээ сургуульд хэрхэн бэлтгэх вэ?Хүүхдээ шинэ юм сурч мэдэх болгонд нь хайрлан үнсч/тэвэрч магтан урамшуулна.

Хүүхдээ сургахаар шийдсэн сургууль, ангийн багшийн талаар дэлгэрэнгүй, үнэн зөв мэдээллийг өөрт нь ойлгомжтой үг хэллэгээр өгнө. Сургууль эхлэхээс өмнө сургууль, түүний орчин тойронтой сайтар танилцуулах хэрэгтэй. Ялангуяа машин зам, гарц, гэрлэн дохионы талаар бүрэн мэдлэгтэй болгосон байхыг анхаараарай. Сургуульд орохоос 7 хоногийн өмнөөс хүүхдээ эрт унтуулж эрт сэрээх, өглөөний цай уулгах “сургуулийн” цагийн хуваарьт оруулна. Хичээлийн дараа баримтлах цагийн хуваарийг хийж зурагт үзэх, тоглох цагийг зааж өгнө.

Ном, дэвтрээ хийх шүүгээ, тавиурыг бэлтгэж өөрөөр нь ангилан ялгуулна. Цүнхний аль тасалгаанд үзэг, харандаа баллуур, алинд нь ном, алинд нь дэвтрээ хийхийг хэлж өгч өөрөөр нь хийлгэнэ. Курткны цахилгааныг татах, дүрэмт хувцасны товчыг товчилж тайлах дадлага хийнэ.

Бие махбодийн хувьд эрүүл, сэтгэц оюун, нийгэмшихүйн хөгжил хэвийн, сайн амарсан, зөв зохистой хооллолттой хүүхдийг сургуульд бэлтгэгдсэн гэж үзнэ. Иймд хүүхдийн эмчид үзүүлж бие бялдар, эрүүл мэнд, сэтгэц, зан үйлийн байдлыг нь үнэлүүлж шаардлагатай зохих зөвөлгөө авах шаардлагатай.

Цаашид багштай нь байнга биечлэн болон утсаар холбогдож байхаа мартав аа.

  • 3 794

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/