+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Тархины даралт гэж ямар өвчин бэ?

Нярай хүүхдийн тархины эмгэгтэй холбоотой маш олон нэр томъёонууд бий: Тархины гэмтэл, тархины даралт ихсэх, тархины эмгэг, нярайн таталт, тархины саа саажилт, тархинд цус харвах, лейкомаляци, тархи усжих, тархины дутуу хөгжил/гаж хөгжил, тархины хаван, төв мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдах, булчингийн чангарал/сулрал, хүчил төрөгчийн дутмагшил гэх мэт. Эдгээрийг ойлгохын тулд эхлээд тархины бүтэц, үйл ажиллагааг мэддэг байх нь чухал.

Хүчилтөрөгчийн дутмагшилаас үүдсэн тархины эмгэгшил

 

Тархийг бие махбодийн удирдлагын төв гэж ойлгож болох бөгөөд энэ эрхтэн хэдэн арван тэрбум мэдрэлийн эсээс тогтдог. Тэдгээр эсийн биеэс тогтох эдийг бор бодис/давхарга, харин сэртэнгээс тогтох эдийг цагаан бодис/давхарга гэнэ. Тархины өөр хоорондоо холбоотой 4 ховдол нь тархи нугасны усыг агуулж байдаг. Мэдрэлийн эсүүд мэдээллийг биеэс тархинд, тархинаас биед дамжуулах үүрэгтэй. Мэдрэлийн эсүүд гэмтвэл энэ мэдээлэл дамжуулах явц алдагдана. Мэдрэлийн эсүүдийн хариуцдаг үйл ажиллагаанаас хамааруулан тархийг бүтцийн хувьд хэд хэдэн хэсэгт хуваадаг. Тархины нэг хэсэг нь булчингийн хүчдэлийг хариуцдаг байхад нөгөө хэсэг нь сонсох, өөр нэг хэсэг нь харах үйл ажиллагааг хариуцдаг байх жишээтэй. Тархийг компьютерийн олон сүлжээтэй зүйрлэж болно. Хэрвээ цөөн хэдэн компьютер ажиллахаа боливол тэдгээрийн үүргийг бусад компьютерүүд гүйцэтгэх болно. Харин олон компьютер зогсвол сүлжээ бүхэлдээ унтарна.

Нярай хүүхдэд тархины эмгэг гэдэг нь уураг тархины үйл ажиллагаа хямарч хэвийн биш болохыг хэлэх бөгөөд үүнийг 4 төрөлд ялган авч үздэг. Үүнд:

  • Тархины хүчилтөрөгч дутагдлын эмгэг

Тархи бусад бүхий л эрхтэн тогтолцооны адил хүчилтөрөгчөөр байнга тасралтгүй хангагдаж байх ёстой. Хүчилтөрөгч тархинд төдийгүй бүхий л эд эрхтэнд  цусаар зөөвөрлөгддөг гэдгийг бид сайн мэднэ. Хэрвээ тархи хүчилтөрөгчөөр дутагдвал эд эсүүд нь гэмтэх болно. Хүчилтөрөгчийн дутмагшил удаан хугацаанд үргэлжилбэл тархины эд эс үхнэ. Жирэмсэн эхийн зүрх, уушги, цусны хүнд эмгэгүүд, жирэмсний хожуу үеийн хүнд хордлого (преэклампси, эклампси), жирэмсэн үеийн халдварууд, ихсийн эмгэгүүд (ихэс ховхрох, ихэс доор байрлах), хүй хүзүүгээ ороох, төрөлтийн хүндрэлүүд нь эрсдэлт хүчин зүйл болно.

  • Ховдол орчмын лейкомаляци (тархины цагаан бодис гэмтэх)

Дутуу, бага жинтэй төрсөн нярайд ихэвчлэн тохиолдоно. Тархины хүчилтөрөгчийн хүнд дутлаас эс үхжинэ гэсэн үг. Эмчилгээ байхгүй учир тархины саа саажилт үүсэх өндөр эрсдэлтэй. Эхо, MRI шинжилгээгээр оношийг батална.

  • Тархинд цус харвах

Эх барихын хавчуур тавьж эсвэл вакум татагчаар төрүүлэх үед тархи гэмтэх, төрөөд 6 цагийн дотор К аминдэм тариагүй, төрөлт удаашрах, ураг/нярайн цус бүлэгнэлтийн эмгэг зэрэг нь тархинд цус харвах эрсдэл болно.

  • Тархины гаж хөгжил (Тархины зарим хэсэг гаж хөгжсөн эсвэл нэг хэсэг нь огт хөгжөөгүй байх)

Жирэмсний эхний 20 долоо хоногт урагт нөлөөлсөн сөрөг хүчин зүйлс: архи тамхи, эмийн бэлдмэлүүд, гэмтэл, стресс, халдварууд (тэмбүү, цитомегаловирус, улаанууд, герпес, токсоплазмоз), удамшлын өвчнүүд (Дауны хамшинж) г.м.

Эдгээрээс гадна нярайн шарлалтын хүнд хэлбэр нь тархины эмгэг үүсгэх нэг шалтгаан болдог.

Дээр дурдсанаас үзвэл жирэмсэн эхчүүдэд уулгадаг хүчилтөрөгчийн коктейл гэгч нь нярайн тархины эмгэгээс урьдчилан сэргийлдэггүй гэдэг нь ойлгомжтой.

Нярайн тархины эмгэг тийм ч элбэг тохиолдоод байдаггүй. 1000 амьд төрөлтөнд 2-9 тохиолдоно.

 

Тархины эмгэгийн шинжүүдэд:

  • Таталт,
  • Булчингийн чангарал (нумрах) эсвэл сулрал,
  • Эмгэг рефлексүүд илрэх, бие бялдар сэтгэц оюуны хөгжлийн хоцрогдол,
  • Гавлын хэмжээ том/жижиг байх,
  • Цус багадалт,
  • Нярайн рефлексүүд дарангуйлагдах, эсвэл эмх замбараагүй хэт их хөдөлгөөн,
  • Байнга унтах/уйлахгүй байх/сул уйлах,
  • Хараагаа тод зүйл дээр төвлөрүүлж чадахгүй,
  • Дуу авиа гарсан зүгт толгойгоо эргүүлэхгүй байх зэрэг орно.

 

Харин ээжүүдийн байнга хэлдэг хүүхэд нь нойронд муу байх, толгой халах, чих/үсээ зулгаах, шилээ шөргөөх, цочих, их уйлах, хөлрөх зэрэг зовиурууд энд дурдагдаагүйг онцлон тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл эдгээр шинжүүд нь тархины эмгэгийн шинж огт биш юм.

Бидний хамгийн ихээр хэрэглэдэг “Тархины даралт ихсэх” гэдэг нь тархины хавантай ижил ойлголт бөгөөд тархи нугасны усны даралт ихсэх юм.  Энэ үзүүлэлт нярай хүүхдэд 1.5 - 6 мм.мөнгөн усны багана, хүүхдэд 3 - 7 мм м.у.б (насанд хүрэгсэдэд 10-15) байдаг бөгөөд үүнээс ихсэх нь тархины эмгэгийн маш аюултай хүндрэл юм.

Тэгэхээр нярайн таталт, төв мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдах, булчингийн чангарал/сулрал, сэтгэц оюуны хөгжлийн хоцрогдол зэрэг нь хүүхдийн тархины эмгэгийн шинж тэмдэгүүд бөгөөд харин энэхүү хүнд эмгэгийн хүндрэл нь тархины даралт ихсэх, оюуны хомсдол, тархины саа саажилт, тархи усжих, тархины хаван болно.

Нярайн тархины эмгэгийг тайвшруулах/нойрсуулах эм хэрэглэсний дараах байдал, мэдрэл-булчингийн болон бодисын солилцооны эмгэгүүдээс ялган оношлох шаардлагатай.

Манайд өргөнөөр хэрэглэж буй актовегин, алоэ, диакарб, дибазол, цираксон, фезам, пирацетам, цереброфорт зэрэг бэлдмэлүүдийг өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн тархины эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэггүй гэдгийг анхаараарай.

Тархины эмгэгийг оношлоход дараах зүйлийг анхаарах хэрэгтэй:

Нярай, хөхүүл хүүхдийн тархины эмгэгийн оношилгоонд эмчийн үзлэг хамгийн чухал ач холбогдолтой. Харин зулайгаар харах Эхо шинжилгээгээр тархинд цус харвах, тархи усжих өвчин, тархины хортой/хоргүй хавдарыг л оношлох боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ Эхогийн эмч  хүүхдэд чинь тархины даралттай гэж дүгнэлт гаргавал ямар эмгэг шинжүүд илэрч буйд үндэслэн энэ оношийг тавьж буйг нь заавал асууж дэлгэрэнгүй тайлбар аваарай. Аливаа оношилгоо (цус, шээсний шинжилгээ, рентген, дуран гэх мэт) эмчийг онош тавихад туслах үүрэгтэй. Оношилгооны эмч шинжилгээний хариуг эмчлэгч эмчид илгээж эцсийн дүгнэлтийг эмч гардаг нь анагаах ухааны “Алтан зарчим” юм. Иймд эхо, ер нь аливаа шинжилгээний хариугаа заавал эмчдээ үзүүлж эцсийн оношийг тавиулах нь чухал. Оношилгооны эмч бие даан ганцаараа онош тавих боломжгүй гэдгийг сайтар ойлговол зохилтой. Эцэг эхчүүд цус, шээс, биохимийн шинжилгээний хариу, рентген зургаа хүүхдийнхээ эмчид заавал харуулж оношийг батлаж/үгүйсгэдтэй адил эхо шинжилгээний дүгнэлтийг ч эмчдээ үзүүлэх нь оношилгооны аливаа алдаанаас сэргийлэх болно.

Хэрвээ үнэхээр эхо шинжилгээгээр тархины эмгэгтэй болох нь батлагдсан л бол компьютерийн томограмм эсвэл MRI хийлгэх шаардлагатай гэдгийг мэддэг байвал зохино.

  • 5 678

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/