+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхдийн зулай хэзээ битүүрэх вэ?

Хүүхдийн гавлын яс духны 2, хажуугийн 2, дагзны 1 яснаас тогтох ба эдгээр яснуудын уулзварыг заадас гэнэ. Заадсууд нь хүүхдийг төрөх замаар төрөхөд гавлын яс хэлбэрээ өөрчлөх боломжтой (хөдөлгөөнтэй) болгож байдаг ач холбогдолтой. Шаардлагатай үед гавлын заадсууд зөрж ч болно. Түүнчлэн заадсууд гавлын ясыг хэмжээгээрээ томрох боломжийг олгож байдаг. Ингэснээрээ хүүхдийн уураг тархи томорч хөгжих бололцоотой болно. Заадсууд ихэвчлэн нэгэн зэрэг ясжина. Харин зарим заадсууд түрүүлж ясжих нь хүүхдийн гавлын хэлбэр өөрчлөгдөхөд хүргэх аюултай.

Дөнгөж төрсөн нярай хүүхдийн гавлын тойрог дунджаар 33 – 38 см байна. Хүүхдийн гавлын тойргийг сар бүр хэмжих нь түүний гавал/уураг тархи хэрхэн өсч хөгжиж буйг хянах чухал үзүүлэлт байдаг.

Хүүхдийн толгойн хэмжээ (тойрог) төрснөөс хойш эхний 2 сар сар бүр ойролцоогоор 2 см, дараагийн 4 сар сар бүр ойролцоогоор 1,5 см нэмэгдэнэ.

Хүүхдийн гавлын яс том хүнийхтэй харьцуулбал ихэд нимгэн. Иймд толгойн гэмтлийн үед гавлын яс цуурах, хугарах эрсдэл өндөр байдгийг сануулж байна.

Хүүхдэд 2 зулай байна. Том буюу урд талын зулай нь духны 2, хажуугийн 2 ясны уулзарт үүснэ. Харин жижиг зулай хажуугийн 2, дагзны 1 ясны уулзварт үүснэ. Өөрөөр хэлбэл зулай гэдэг нь гавлын ясаар бүрхэгдээгүй тархины хэсэг юм. Энэ хэсэг ясаар биш ч тархины бүрхүүлээр бүрхэгдсэн байдаг тул хүрч тэмтрэхэд аюулгүй, хүүхдэд таагүй мэдрэмж/өвдөлт үүсгэдэггүй. Зулай нь хүүхдийн эрүүл мэндийн нэг томоохон үзүүлэлт болдог тул эмч үзлэг хийх бүртээ тэмтэрч байдгаас гадна эцэг эхчүүд ч тэмтэрч сурвал хэрэгтэй. Хүүхэд уйлах, ханиах, бөөлжих үед зулай төмбийх нь хэвийнд тооцогдох тул хүүхдийг тайван/унтаж байх үед тэмтрэх нь зүйтэй. Зулай зөөлөн, овойгоогүй бас хонхойгоогүй байна.

Том (урд талын) зулайн хэмжээ дөнгөж төрсөн нярай хүүхдэд ойролцоогоор 2 - 4 см байх ба 2-3 сартайд энэ хэмжээнээс арай томордог.  Жижиг зулай төрснөөс хойш удалгүй битүүрнэ. Харин том зулай дунджаар 4 – 24 сарын хооронд битүүрнэ.

Зулай том байх эсвэл зулай 26 сар хүрээд битүүрээгүй байх нь доорх шалтгаантай байж болзошгүй. Үүнд:

  • Бамбай булчирхайн төрөлхийн дутагдал
  • Дауны өвчин
  • Сульдаа
  • Тархи усжих өвчин, гавлын дотоод даралт ихсэх

Хүүхдийн зулай хэзээ битүүрэх вэ?Зулай эрт битүүрэх шалтгаан тодорхойгүй боловч удамшил, ургийн дотоод халдвар (TORCH: токсоплазмоз, тэмбүү, улаанууд, цитомегаловирус, херпес), тархины эмгэг,  жирэмсний эхний 3 сар хэрэглэсэн эмийн бэлдмэл, архи, рентген туяа зэрэг хорт бодисууд нөлөөлөх магадлалтай. Харин жирэмсний аминдэм эрдсийн комплекс буюу пренатал аминдэмүүд нь хүүхэд жижиг зулайтай төрөх, зулай эрт битүүрэхэд огт нөлөөлдөггүй. Түүнчлэн жижиг зулайтай төрсөн шалтгаанаар хүүхдэд Д аминдэм уулгахгүй байж хэрхэвч болохгүй гэдгийг анхаарна уу.

Зулай 4 сараас өмнө битүүрсэн тохиолдолд гавлын рентген зураг авахуулж заадсууд ясжсан эсэхийг заавал шалгах шаардлагатай.

Зулай хонхойх нь өлсөх эсвэл шингэн алдалтын шинж харин овойх нь тархи усжих, тархины гэмтэл, гавлын дотоод даралт ихсэх, тархинд цус харвах зэрэг эмгэгүүдийн шинж байж болохыг анхааруулж байна.

  • 16 793

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/