+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхэд яагаад цочдог вэ?

Гэнэтийн цочролд ялангуяа чанга дуу чимээнд хүн цочдог гэдгийг бид сайн мэднэ. Тайван байсан орчинд хүний амар амгалан, аюулгүй байдалд заналхийсэн гэнэтийн өөрчлөлт болоход цочих хариу үйлдэл үзүүлж буй нь уг чанартаа тэрхүү орчноос амьд мэнд гарах ухамсарт бус рефлекс юм.

Чанга дуу чимээ, огцом хөдөлгөөнд хүүхдэд цочих рефлекс автоматаар үүсдэг. Үүнийг эцэг эхчүүд хүүхэд айчихлаа эсвэл ямар нэгэн юмыг нь өвтгөчихлөө гэж ойлгох нь буруу. Хүүхэд цочих үед яг л та бидэн шиг зүрхний цохилт, амьсгалын тоо нь олширч, артерийн даралт ихэсч байдаг. Цочих рефлексийн илрэл хүн бүрт, хүүхэд бүрт харилцан адилгүй байна. Нярай хүүхэд  дуу чимээнд цочиж байвал түүний сонсгол сайн байгааг илтгэх үзүүлэлт гэж ойлгоорой.

Хүүхэд эхээс мэндлэхдээ л энэхүү рефлестэй төрдөг. Төрсний дараа нярайн эмч эхний үзлэгээрээ цочих рефлекс буюу Морогийн рефлекийг (анх нээж илрүүлсэн Австрийн хүүхдийн эмч Ernst Moro-гийн нэр) шалгана. Түүний дараа ч хүүхдийн эмч/өрхийн эмч үзлэг хийхдээ энэ рефлексийг шалгаж байхыг эцэг эхчүүд олонтаа харсан байх.

Цочих рефлекс илрэхгүй байх нь тархи эсвэл нугасны гэмтлийг илтгэнэ. Харин нярай хүүхэд цочихдоо нэг гараа хөдөлгөхгүй байх нь төрөлтийн элбэг тохиолддог хүндрэл болох эгэмний хугарлын нэг шинж байдаг. Эмгэг Морогийн рефлексийг (хүчтэй илрэх эсвэл дарангуйлагдсан байх) зөвхөн эмчийн үзлэгээр илрүүлнэ. 6 сартайд хийх эмчийн үзлэгээр энэ рефлекс бүрэн арилсан байх ёстой.  6 сараас хойш Морогийн рефлекс илэрч байх нь төв мэдрэлийн тогтолцооны хүнд эмгэгийн шинж юм.

Эхний хэдэн сар хүүхэд унтаж байхдаа ч цочих нь хэвийн үзэгдэл юм. Учир нь тэд биднээс хавьгүй их зүүдэлдэг. Гарыг хөнгөн өлгийдөх нь нярай хүүхдийг сайн унтуулахад тустай гэдгийг ээжүүд сайн мэддэг.

Өөрөөр хэлбэл эхний 3-6 сар хүүхэд сэрүүн байхдаа төдийгүй нойрондоо цочих нь хэвийн рефлекс бөгөөд зөвхөн энэ хэвийн рефлекс илэрч буйд үндэслэн тархины даралт хэмээх үндэслэлгүй онош тавьж шаардлагагүй, үр дүнгүй олон эм хэрэглэж буйд туйлын болгоомжтой хандвал зохилтой. Түүнчлэн цочих нь рахитын шинж огт биш гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Рахит буюу сульдаа нь Д аминдэм дутлаас үүссэн булчин, ясны өвчин юм. Иймд үс унах, толгойгоо 2 тийш нь шилгээх, үүнээс болж дагзны үс халцрах зэрэг нь рахитын болоод тархины даралтын шинж огт биш.

Хэтэрхий их цочимтгой хүүхэд хөхөж байх үедээ цочих нь хахаж цацаж улмаар амьсгал боогдох аюултай. Түүнчлэн маш ховор тохиолдолд удам дагасан цочих өвчин, цочихоос үүдэлтэй таталт тохиолддог.

Хүүхэд ялимгүй зүйлд их цочих эсвэл огт цочихгүй байх, 6 сартайгаас хойш цочих рефлекс илрэх тохиолдолд заавал хүүхдийн эмчид хандаарай. Хүүхдийн эмч жирэмслэлт, төрөлт, удамшлын асуумж авч булчингийн хүчдэл, бусад рефлексийн илрэлийг шалгаж, бие бялдар, сэтгэц оюун, булчингийн хөгжлийг үнэлэн хэрэв шаардлагатай гэж үзвэл MRI, тархины цахилгаан бичлэг зэрэг шинжилгээнд илгээж болно.

  • 7 001

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/