+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Толгойн гэмтэл гэж юу вэ?

Толгойн гэмтэл гэж юу вэ?Толгойн гэмтэл бага насанд, эрэгтэй хүүхдэд ихэвчлэн тохиолдох бөгөөд дийлэнх нь хөнгөн гэмтэл байдаг. Толгойн гэмтэл гэдэг нь хуйх, гавлын яс, тархины гэмтэл юм. Хуйх, гавлын яс, тархины бүрхүүл нь тархийг сайтар хамгаалж чаддаг тул тархи тэр бүр гэмтээд байдаггүй.

  • Хуйхны гэмтэл

Бараг бүх хүүхэд хэзээ нэгэн цагт хуйхны гэмтэл авсан байдаг. Толгойгоороо унаж ойчих, мөргөх, цохих, чулуу мод зэргээр гэмтээх үед хуйхнаас цус гарах (бид толгойгоо хагалчихлаа гэдэг) эсвэл цус хурдаг (овойж хавддаг). Хуйх цусан хангамж маш сайтай тул бага зэргийн шалбархай үүсэх үед ч цус ихээр гарах ба энэ үед эцэг эх, хүүхдүүд айж сандрах нь элбэг. Том хэмжээний шарх, цус их гарч буй тохиолдолд оёдол тавих шаардлага гардаг.  Гэхдээ хуйхны гэмтэл хэдэн хоногт л эдгэрнэ.

  • Гавлын яс хугарах

Хөхүүл, бага насны хүүхдийн гавлын яс зөөлөн, уян байдаг тул тэр бүр хугардаггүй харин гавлын заадас салах тохиолдол бий. Түүнчлэн хүнд гэмтлийн үед гавлын яс цуурч болзошгүй. Цуурлын үед яс гавлыг дарж гэмтээхгүй. Харин яс хугарч доорх тархины эдээ дарах тохиолдол бий. Энэ үед заавал мэс заслын эмчилгээ хийнэ.

  • Тархины гэмтэл (Тархинд цус хурах)

Энэ үед хүүхэд ухаан алдаж болзошгүй. Өөрөөр хэлбэл гэмтэл авсны дараа хэдэн секунд, хэдэн минут хөдөлгөөнгүй, дуу авиа гаргахгүй байснаа уйлж эхэлнэ гэсэн үг. Ингэж ухаан алдах нь маш аюултай шинж бөгөөд хүүхэд чинь уйлж байснаа тайвшран унтаад өгсөн ч заавал эмчид хандах хэрэгтэй! Түүнчлэн зарим тохиолдолд гэмтлээс хойш 1-2 цагийн дараа ухаангүй болох нь бий. Тархины гэмтлийн шинж хамгийн удаандаа 48 цагийн дотор илэрдэг. Харин манайхан хэдэн өдөр, сар, жилийн дараа тархины гэмтлийн шинж илэрдэг гэдэг нь ямар ч үндэслэлгүй юм. Хүүхэд таталт өгөх нь ховор боловч хэрэв энэ шинж илэрвэл тархи хүнд гэмтсэний шинж тул эмнэлэгт яаралтай хандах ёстой!

Толгойн гэмтэл гэж юу вэ?Бидний тархи доргих гэдэг нь хөнгөн гэмтэл бөгөөд хүүхэд ухаан алддаггүй. Унаж ойчиж/мөргөмөгцөө шууд уйлна. Ийм гэмтлийн үндсэн шинж нь толгой өвдөх, бөөлжих юм. Хэлд ороогүй хүүхэд байнга гиншигнэн уйлж яраглаж янцаглана, мөн цочромтгой уур уцаартай болох нь толгойн өвдөлтийг илтгэнэ. Эдгээр нь хэдхэн цагаас хэдхэн өдөр үргэлжилж өөрөө аяндаа зүгээр болно. Өвдөлттэй тохиолдолд тайван байлгаж парацетамол хэрэглэнэ. Хүүхдийн тархи доргичихлоо гээд бариач дээр очиж 1-2 бариулаад зүгээр боллоо гэж ойлгож байгаа бол бариулаагүй ч зүгээр болох байсан байна гэж дээрх тайлбараас ойлгож болно. Суулгалт нь тархины ямар нэг гэмтлийн шинж огт биш. Хүүхдээ суулгахад тархи нь доргижээ гээд бариач дээр очих нь дэндүү “гэнэн” явдал юм. Гэхдээ уламжлалт анагаах ухаан нотолгоонд суурьласн орчин үеийн анагаах ухаан хоёр энэ тал дээр өөр өөр хандлагатай байдгийг зөвөөр ойлгоорой. 

Доорх тохиолдолд тархины хүнд гэмтэл болзошгүй тул яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай!  

Үүнд:

  • Ухаан алдах
  • Унтаад сэрэхгүй байх
  • Толгойн өвдөлт хүчтэй, намдахгүй хэд хонох
  • Гуйвж дайвах, тэнцвэрээ олохгүй байх
  • Татах
  • Сайн харахгүй байгаа шинж ажиглагдах

Хүүхдийг хэрхэвч “сэгсэрч” болохгүй!

Манай эцэг эхчүүд хүүхдээ уйлахад заримдаа уйлаагүй байхад нь ч бүүвэйлж саатуулж байна гэж ойлгон “сэгсэрч” харагддаг. Ялангуяа их уйлах тохиолдолд уйлахыг нь зогсоох гэж бүүр хүчтэй “сэгэрдэг” Хүүхэд нь толгойгоороо юм мөргөх, унах тохиолдолд ч хүүхдээ “шүүрэн” авч сэгсэрдэг. Энэ нь хүүхдийн тархинд хүнд гэмтэл үүсэх эрсдэлтэй байж болохыг анхааруулж байна.

  • 12 470

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/