+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Сэрээ булчирхай том байх нь эрүүл үү эмгэг үү?

Сэрээ булчирхай (англиар thymus, оросоор тимус) нь цээжний хөндийн дээд хэсэгт, 2 уушгины дунд цагаан мөгөөрсөн хоолойн урд байрлах пирамид хэлбэртэй булчирхай юм. Ганга хэмээх ургамалын (thyme) навчны хэлбэртэй төстэй тул ийнхүү нэрлэжээ.

Эхийн хэвлийд, ураг байхдаа хамгийн хурдацтай хөгжиж бие махбодын бусад эрхтэнтэй харьцуулбал том хэмжээтэй болдог. Төрснөөс хойш томрох хурд нь бусад эд эрхтэнтэй харьцуулбал эрс саарч бэлгийн бойжилтын үеэс эхлэн хэмжээгэрээ жижгэрч эхэлдэг. Энэ жижгэрэх явц цаашид насан туршид үргэлжилнэ. Нярай хүүхдийн сэрээ булчирхай дунджаар 15 гр байхад 70 настай гэхэд ойролцоогоор 6 гр болдог.

Энэ бол хүний биеийн лимфийн тогтолцооны гол эрхтэн бөгөөд (тунгалагийн булчирхай л гэсэн үг) цусны цагаан эсийн нэг төрөл болох Т-лимфоцит энд үүсч боловсордог. Т-эс бие махбодод нэвтэрсэн эсрэг төрөгч буюу нян, вирусыг алж усгах, хорт хавдрын эсийг зайлуулах үндсэн үүрэгтэй. Түүнчлэн сэрээ булчирхай нь гормон төст хэдэн уураг нийлэгжүүлэх ба эдгээр нь Т-эсийг боловсруулж үндсэн 3 хэлбэрт  хуваагдан хөгжих явцыг дэмжих үүрэгтэй. Мөн эдгээр гормонууд хүүхдийн биеийн өсөлт хөгжилтийг дэмжиж зарим дотоод шүүрлийн булчирхайн хөгжилд нөлөөлдөг байна.

1930-аад онд анагаах ухааны хөгжил төдийлөн сайн байгаагүй үед сэрээ булчирхай том байх нь хүүхдийн амьсгалын замыг дарж бөглөрөл үүсгэн улмаар нас барах эрсдэлтэй хэмээн үзэж байв. Хөхүүл хүүхэд гэнэт нас барах хамшинж (Sudden infant death syndrome - SIDS) буюу 1 сартайгаас 1 настай эрүүл хүүхэд гэнэт (ихэвчлэн унтаж байхдаа) нас барах явдлыг сэрээ булчирхай том байхтай холбохыг оролдож байжээ. Өнөөдрийг хүртэл анагаах ухаан энэхүү хамшинжийн шалтгааныг тогтоож чадаагүй боловч дутуу төрөх, хугацаандаа боловч бага жинтэй төрөхийг (тархины үйл ажиллагааны дутуу хөгжил, ялангуяа амьсгалын төвийн) нөлөөлөх хүчин зүйлд тооцож байна. Харин сэрээ булчирхайн хэмжээтэй огт хамааралгүй болохыг тогтоож 1960-аад оноос эхлэн сэрээ булчирхайн хэмжээг багасгах эмчилгээ хийхийг зогсоосон билээ.

Сэрээ булчирхай том байх нь эрүүл үү эмгэг үү?Иймд сэрээ булчирхайн хэмжээ том хүүхдийг (дийлэнх хүүхдийн сэрээ булчирхай бусад эрхтэнтэй нь харьцуулбал нилээн том байх нь хэвийн үзэгдэл) вакцинаас чөлөөлөх, төлөвлөгөөт хагалгааг хойшлуулах, эсвэл хагалгааны өмнө “эмчилгээ” хийх, тэр ч бүү хэл битгий уйлуулж байгаарай, хурц гэрэл битгий асааж байгаарай, чанга дуу чимээнд битгий байлгаарай гэх мэт “зөвөлгөө” өгөх нь шинжлэх ухааны хувьд ямар ч үндэслэлгүй юм.

Ямар нэг шалтгаанаар цээжний рентген шинжилгээ хийлгэх явцад эмч хүүхдийн сэрээ булчирхайг том байна гэж хэлсэн байдаг. Цээжний рентген шинжилгээгээр эмч 2 уушги, зүрх болон голчийг шинжлэх боломжтой. Голч гэдэг нь урд талаараа өвчүү, хойд талаараа нуруу, 2 хажуу талаараа уушгины гялтан хальсаар хүрээлэгдсэн эрхтэнүүд юм. Үүнд зүрхний том судсууд, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой, тунгалагийн булчирхайнууд, сэрээ булчирхай орно. Хэдийгээр мэдлэг туршлагатай рентгений эмч голчийн эрхтэнүүдийг ялган харж оношлох боломжтой ч сэрээ булчирхайн хэмжээ, жинг эхо буюу хэт авиан шинжилгээгээр тодорхойлох нь рентгенээс илүү найвдартай гэж үздэг. 

Харин ч булчирхай төрөлхийн жижиг буюу дутуу хөгжилтэй байх нь хүүхдийн дархлаа тогтолцоо сул  байх үндэс болдог. Ийм хүүхдүүд олон, хүнд өвчилж нас барах өндөр эрсдэлтэй байдаг.

  • 6 177

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/