+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхдээ хэрхэн сайн унтуулах вэ?

Нярай хүүхдийн унтах хугацаа хүүхэд бүрт харилцан адилгүй ч хоногт дунджаар 16 цаг унтдаг байна. 

Эхний 1.5-2 сар орчим өдөр, шөнийн ялгаа бараг байхгүй. Хүүхэд чинь өдөр сайн унтаад харин шөнөдөө илүү урт хугацаанд сэрүүн байх нь хэвийн үзэгдэл. Амьдралын эхний 3 сар шөнөдөө олон сэрэх боловч зөв сургаж чадвал 3 сартайгаас хойш шөнөдөө сэрэлгүй 6 цаг унтах боломжтой. Нярай хүүхдийн ходоодны хэмжээ жижиг учир тэд 2-3-4 цагийн зайтай сэрж хөхөө хөхнө. Хугацаандаа хэвийн жинтэй төрсөн нярайг 5 хүртэл цаг хөхүүлэхгүй байж болно. Харин дутуу, бага жинтэй төрсөн, тураалтай хүүхдийг 3 цаг болоод өөрөө сэрэхгүй тохиолдолд ч сэрээж хөхүүлэхийг зөвлөдөг.

Хүүхдээ гар дээрээ зөөлөн бүүвэйлж, хөхүүлж/угжиж унтуулж болох боловч бүрэн унтахаас нь өмнө, зүүрмэглэж эхлэхэд нь орон дээр тавьж өөрөөр нь унтуулж сургавал сайн. Ингэвэл шөнө сэрэх тохиолдолд хүүхэд өөрөө эргээд унтаж сурдаг.

Унтахын өмнө усанд оруулах, бүүвэйн дуу дуулах, иллэг хийх, намуухан хөгжим сонсгох зэргийг аль нэгийг тогтмол хийж сургавал энэ нь хүүхдийг унтах цаг болсныг ойлгоход туслах болно. Арай том болоход нь үлгэр ярих, ном уншиж өгөх, унтлагын хувцас өмсүүлэх зэрэг арга хэмжээг авна. Зарим хүүхэд унтахын өмнө шилээ шөргөөж уйлан тайван биш болдог. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд түүнийг намуухан тайван дуу хоолойгоор ярьж тайвшруулах, соосго хөхүүлэх зэрэг аргыг хэрэглээрэй.

Хүүхэдтэйгээ өдрийн цагаар байнга ярих, тоглох, эрхлүүлэх ба харин унтахын өмнө тайван байлгавал зохилтой. Цай, кофе, кока кола ундаанд агуулагддаг каффеин нь хөхний сүүгээр ялгардаг тул эдгээрийг бага ууж жирэмсэн, хөхүүл эхчүүдэд зориулсан каффеин агуулаагүй цай уух нь хүүхдийг тайван унтахад болон хөхний сүүний гарцад сайнаар нөлөөлнө.

Нярай, хөхүүл хүүхэд нойрондоо гэнэт цочих, арвагнах, татвалзах, дуу авиа гаргах зэрэг нь хэвийн үзэгдэл юм. Иймд хүүхдийг энэ үед нь сэрээхгүй тайван орхих нь зүйтэй.

Шөнө сэрэх үед бүдэг гэрэл асаах, цочмог хөдөлгөөн хийхгүй байх, хүүхэдтэйгээ ярихгүй, аль болох тайван байлгах нь “шөнө бол унтах цаг” гэдгийг хүүхдэд ойлгуулдаг.

Хүүхдийн унтах өрөө сэрүүхэн байх нь зүйтэй. Халуун бүгчим орчинд хүүхэд муу унтдаг. Хөхүүл хүүхэд гүн нойрондоо хөлрөх нь хэвийн үзэгдэл юм.

Томчууд бидний ихэнх нь өдөр идэвхитэй ажиллаж шөнийг унтаж өнгөрүүлдэг боловч зарим маань шөнө илүү сайн ажиллаж үд хүртэл унтдаг “шар шувуу” байдаг бол зарим нь дөнгөж оройн бүрэнхий болмогц нойр нь хүрч унтаад үүрээр маш эрт сэрж уураг тархины үйл ажиллагаа нь өглөө хамгийн идэвхитэй байдаг “эртэч шувуу” билээ.  Тэгвэл хүүхэд ч мөн ийм байх нь ховор биш.  Энэ тохиолдолд амьдралынхаа хэв маягийг хүүхдийнхээ нойрны дэглэмд тохируулахаас өөр аргагүй. Хүүхдээ өдөр унтахад нь дагаж унтах, заримдаа ойр дотны хүнээрээ хүүхдээ харуулж өөртөө унтах боломж гаргах, нөхөртэйгээ ажил үүргээ хуваах хэрэгтэй.

  • 2 026

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/