+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхдийнхээ чих өвдсөн эсэхийг яаж мэдэх вэ?

Хүүхдийнхээ чих өвдсөн эсэхийг яаж мэдэх вэ?Хүүхдээ уйлахад бараг бүх ээж аавууд чих нь өвдөөгүй байгаа гэж өөрийн эрхгүй боддог.  Учир нь манайд чихний халдвар маш элбэг тохиолддог бөгөөд үндсэн шинж нь чих хүчтэй өвдөх буюу уйлах байдаг.

Чихний халдварыг түүний бүтцэд нь тулгуурлан гадна чихний, дунд чихний халдвар гэж ялгана. Гадна чих гэдэг нь чихний дэлбэн, суваг юм. Дунд чих нь хэнгэргэн хальсаар гадна чихнээс тусгаарлагдана. Дунд чих нь алх, дөш, дөрөө хэмээх сонсголын маш жижиг 3 яс байрлах агааржилт бүхий жижиг (1.3 см) хөндий болно. Дунд чихний хөндий нь хамрын хөндийтэй нарийн гуурсаар холбогдоно. Энэ гуурсыг сонсголын буюу евстахийн (Италийн алдарт анатомич Eustachius-ийн нэр) гуурс гэнэ. Энэ гуурс дунд чихийг агааржуулж түүнд шингэн хуримтлагдахаас сэргийлэх үндсэн үүрэгтэй. Хүүхдэд евстахийн гуурс маш нарийхан, богино байдаг нь дунд чихний халдвараар өвчлөх эрсдэл болдог.

Хүүхдийнхээ чих өвдсөн эсэхийг яаж мэдэх вэ?Гадна чихний цочмог үрэвслийн (Otitis Externa) үндсэн шинж нь чихний гадна (шанааны) сэртэн дээр дарахад өвдөх, дэлбэнг татахад өвдөх шинж юм. Бохир ус чихэнд орох, чихийг цэвэрлэхдээ гэмтээх, чихэндээ гадны биед оруулах, бариу малгай/алчуур өмсүүлэх, чих цоолох зэрэг нь гадна чих үрэвсэх шалтгаан болно. Гадна чихний үрэвслийн үед эмчийн үзлэгээр чихний суваг нилэнхүйдээ улайж хавагнасан харагдахаас гадна чих орчмын тунгалагийн булчирхай томорсон байж болно. Эмчилгээ нь хүнд хөнгөний зэргээс хамаарна. Хөнгөн, хүндэвтэр тохиолдолд антибиотиктой (гормонтой болон гормонгүй) дусаалга 7-10 хоног, харин хүнд тохиолдолд антибиотик уулгаж хэрэглэнэ.

Тэгвэл дунд чихний халдвар (Otitis Media) нь евстахийн гуурс нус, цэр, идээ, нян, вирусаар бөглөрснөөс үүснэ. Үүнээс болж дунд чихэнд шингэн хурмтлагдан хэнгэргэн хальсанд даралт үзүүлж хүчтэй өвдөлт үүсгэнэ. Ясли цэцэрлэгт явах/ханиад шуухинаагаар олон удаа өвчлөх, гэр дотроо нүүрс түлээ түлэх/тамхи татах, байнга соосго хөхүүлэх, хүүхдийг эгц дээш харуулан хэвтүүлж угжих, харшил зэрэг нь дунд чихний халдвараар өвчлөх эрсдэл болдог.

Тэгэхээр чих рүү ус орох, салхи салхилах зэрэг нь чихний халдвар үүсгэдэггүй нь ойлгомжтой.  Хүүхдийг гадаа гаргахдаа чихнийг нь бөглөх шаардлага байдаггүй.

Ханиад шуухинаагаар өвчлөөд хэд хоносны дараа гэнэт чихээр хүчтэй өвдөж эхэлнэ. Хүүхэд өндөр биш халуурах (эсвэл халуурахгүй ч байж болно), хэвтээ байрлалд өвдөлт улам ихэсдэг тул унтаж чадахгүй, шөнө илүү их уйлах, хөхөхөд өвдөлт нэмэгддэг тул хөх/угжаа хэд сороод л амнаасаа гаргаж чанга уйлах шинжүүд нь дунд чихний халдварын өвөрмөц шинжүүд юм. Өвдөлт нь хүүхэд босоо, толгой цээжийг өндөрлөсөн байдалд арай намддаг. Түүнээс гадна хамар битүүрэх, хамраас нус гоожих, хоолой залгиур улайх шинжүүд илрэх нь элбэг. Нярай, хөхүүл насныханд бөөлжих, баас шингэрэх шинж илэрч болзошгүй. Цэцэрлэг, сургуулийн насныхан чих өвдлөө гэж зовиурлахаас гадна чих шуугих, толгой өвдөх, сонсгол буурах, тэнцвэр алдагдах шинжүүдийг хэлнэ. Зарим тохиолдолд хэнгэргэн хальс нимгэрэн цоорч чихнээс булаг гоожиж эхэлнэ. Энэ үед өвдөлт эрс багасч бараг зовиургүй болно.  Хүүхэд маш хүчтэй уйлж байснаа гэнэт тайвширч унтах нь хэнгэргэн хальс цоорсон шинж байж болзошгүй гэдгийг санаарай!

Дээр дурдсан шинжүүд илэрч хүүдийн чинь чих өвдөж байна гэж үзвэл өвдөлт намдаах арга хэмжээг (парацетамол уухаар болон лаагаар, отизол чихэнд дусаахаар) даруй авах шаардлагатай. Бүлээн жин чихний өвдөлтийг сайн намдаадаг. Харин эмч үзлэг хийж оношийг тавьж тохирох антибиотикийг зөвлөнө. Эмчийн үзлэгээр хэнгэргэн хальс улайж цаанаас нь шингэн/идээ/цус нэвт гэрэлтэн харагдах бөгөөд хэнгэрэгэн хальс хөдөлгөөнгүй болсон байдаг. Эмч чихэнд үзлэг хийх үед (уг нь өвдөлт үүсгэдэггүй, эрүүл хүүхэд дийлэнхидээ уйлдаггүй) чангаар уйлж нэг хэсэгтээ тайвшрахгүй.

Хэнгэргэн хальс цоорсон тохиолдолд чинхий антибиотиктой дуусаалга хэрэглэнэ. УВЧ шарлага, хамрын дусаалга, гистамины эсрэг бэлдмэлүүдийг (димедрол, хлорфенамин г.м) хэрэглэж болохгүй гэдгийг мэддэг байвал зохилтой! Хэрвээ эмч хүүхдэд чинь чихний халдвар гэсэн онош тавьсан бол 5 хоноод эмчдээ заавал давтан үзүүлээрэй!

  • 11 693

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/