+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Ларангит - Хоолой бачуурах

Төвөнх (larynx) нь залгиурыг цагаан мөгөөрсөн хоолойтой холбосон эрхтэн бөгөөд амьсгалын дээд замын нэг хэсэг болохоос гадна дууны аппарат юм. Төвөнхийн дээд хэсэгт дууны 2 хөвч байрлана.

Ларингит буюу төвөнхийн үрэвсэл нь дууны аппаратын хэт ачаалал, цочрол эсвэл халдварын шалтгаантай өвчин бөгөөд 6 сартайгаас 3 настай хүүхэд ихэвчлэн өвчилдөг. 6 наснаас дээш хүүхэд өвчлөх нь ихэд ховор. Өвчлөл намар, өвлийн улиралд эрс нэмэгддэг. Хөвгүүдэд охидыг бодвол арай илүү тохиолдоно.

Шалтгааны хувьд дийлэнхидээ параинфлуэнза вирус байх ба нян байх нь нилээн ховор.

Ларингитын үндсэн шинж нь хуцуулж ханиалгах, хоолой сөөх/паргих юм. Ханиад шуухинаагийн нэгэн адилаар нус гоожих, хоолой өвдөх, халуурах шинж илрэхээс гадна амьсгал авахад хяхтнаж дуугардаг. Ингэж хяхтнаж дуугарах нь хуцуулж ханиалгаснаас хойш 12-48 цагийн дараа илэрнэ. Төвөнхийн хана хавагнаснаас агаар орж гарах зайгүй болж хүүхэд бачуурна (амьсгал боогдоно). Ларингитыг дээр дурдсан шинжээр оношлох ба рентген болон лабораторийн шинжилгээ хийлгэх шаардлага байдаггүй.

Энэхүү өвчнийг хөнгөн, хүндэвтэр, хүнд хэмээн ангилна. Хөнгөн үед хүүхэд хуцуулж ханиалгах боловч ухаан санаа саруул, хөхрөлтгүй, цээж хонхолзохгүй, тайван үед хяхтнаа амьсгал илрэхгүй, харин ханиах болон уйлах үед илэрнэ.

Хүндэвтэр үед хүүхэд тайван байхдаа ч хяхтнаж амьсгалах ба цээж нь хүчтэй биш хонхолзон амьсгалахад бэрхшээлтэй байна.

Харин хүнд үед цээж хүчтэй хонхолзон үүнээс болж хүүхэд туйлдаж ядарсан байдалтай, зовиур шаналгаа их, арьс хөхөлбий харагдана.

Хүндэвтэр, хүнд тохиолдлыг эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ. Харин өвчин хөнгөн үед гэрээр эмчлэгдэх бүрэн боломжтой. Гэрээр эмчлэгдэх тохиолдолд өрөө тасалгааны агаарыг чийгшүүлэх явдал хамгийн чухал. Мөн уураар утах эсвэл банны өрөөндөө халуун ус гоожуулан уур манан үүсгээд хүүхдээ авч суух хэрэгтэй. Уйлах үед төвөнхийн бачуурал ихэсдэг тул хүүхдээ аль болох уйлуулахгүй тайван байлгахыг хичээгээрэй. Мөн салхивчаа онгойлгон цэвэр агаар орууж байх хэрэгтэй. Хүүхэд халуурч байгаа бол парацетамол эсвэл ибупрофенээр халууныг буулгана. Уух дуртай амттай шингэн зүйлийг нь халуун бүлээнээр ойр ойрхон уулгана. Хөхөө хөхдөг бол хүссэн үед нь аль болох олон удаа хөхүүлнэ. Тамхины утаа, тоос тоосонцор, хиншүү хярвас гаргахгүй байвал зохино.

Эмийн эмчилгээний хувьд эмч төвөнхийн хаван бууруулах зорилгоор дексаметазоныг уух, булчинд эсвэл судсаар тарихаар эсвэл будесалыг утлагаар зөвлөнө. Түүнчлэн эмч асуумж үзлэгт үндэслэн антибиотик, ханиалга намдаах бэлдмэл хэрэглэх эсэхийг шийднэ. Тайвшруулах, нойрсуулах эм бэлдмэл хэрэглэх нь хүүхдийн биеийн байдал муудаж буйг далдлах аюултай гэдгийг санаарай. Ларингит 1-2 долоо хоногт эдгэрнэ.

Зарим тохиолдолд хүүхэд ханиад хүрэх бүрт төвөнхийн бачуурал үүсдэг. Энэ нь дээр бичсэн шиг төвөнхийн хавангийн бус харин агчилтын шалтгаантай байдаг.

Тэгвэл ханиад, томуу, уушгины хатгалгааны шалтгаан, шинж тэмдэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар Хүүхэд ба гэр бүл номноос уншиж мэдэн намар, өвлийг өнтэй даваарай.

  • 5 824

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/