+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Шуугиантай амьсгал гэж юу вэ?

Амьсгалын тогтолцооны эрхтэнд хамар, залгиур хоолой, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, уугши орно. Уушгинд гуурсан хоолойн нарийн салаа, бүр хамгийн нарийхан салаа буюу бронхиол байна. Өөрөөр хэлбэл амьсгалын зам гэдэг нь бүдүүн нарийн гуурс, гуурсанцрууд юм.

Энэхүү амьсгалын замаар агаар уушги руу орж нүүрсхүчлийн хий гарч байдгийг бид сайн мэднэ. Үүнийг амьсгалах гэнэ. Эрүүл хүүхдэд/насанд хүрэгсэдэд амьсгалах нь мэдээж ямар нэг зовиургүй бөгөөд шуугиан үүсгэдэггүй.

Тэгвэл амьсгалын зам буюу уушгины гаднах болон доторх гуурсууд агчих, хавагнах, өтгөн цэрээр бөглөрөх, гадны биет орох, гаднаасаа дарагдах зэрэг шалтгаанаар зай нь багасахад/нарийсахад хий түүгээр орж гарахдаа шуугиан үүснэ.

Шуугиантай амьсгалах нь үндсэн шинж болдог өвчин бол багтраа/asthma мөн. Энэ нь амьсгалын замын нарийн гуурс, гуурсанцрууд агчиж (нарийсч) доторх салс нь өтгөрснөөс амьсгалахад бэрхшээлтэй болж ханиах, шуугиантай амьсгалах шинжээр илэрдэг архаг өвчин юм.

Харшлын шалтгаантай учир цусны шинжилгээнд эозинофили эсийн тоо ихсэх нь оношилгооны нэг шалгуур болно. Түүнээс гадна харшлын/багтрааны удамтай байх нь элбэг.

2-оос доош насны хүүхдэд багтраа маш ховор, оношлоход ихээхэн бэрхшээлтэй гэдгийг мэддэг байвал зохилтой. Тэгвэл бага насны хүүхэд яагаад шуугиантай амьсгалдаг вэ? Багтраа биш бол өөр ямар шалтгаан байдаг вэ?

Хамгийн элбэг шалтгаанд ханиад шуухинаа орно. Бага насны хүүхдийн амьсгалын замын онцлог нь маш нарийхан, судасжилт ихтэй тул вирусын шалтгаантай ханиад шуухинааны үед хана нь хавагнан цэрээр бөглөрч шуугиантай амьсгалах нөхцөл бүрдэнэ.

Дараагийн нэг шалтгаан бол бронхиолит буюу уушги дотор байх хамгийн нарийхан гуурсанцруудын үрэвсэл юм. Үүний шалтгаан нь ихэвчлэн респиратор синтициал вирус байдаг. Энэ үед хүүхэд ханиахаас гадна халуурч амьсгааддаг.

Шалтгаанаас үл хамааран хүнд хэлбэрийн шуугиантай амьсгалын үед амьсгалын замын агчилт тавиулах буюу өргөсгөх (салбутамол, албутерол) эсвэл түүний хаван бууруулах/харшил дарангуйлах гормоны бэлдмэлүүдийг (Дексаметазон, Преднизолон эсвэл Budesonide/Pulmicort/Будесал, Futicasone/Флохал) уухаар, тарилгаар, цацлагаар эсвэл утлагаар хэрэглэдэг.

Хүүхдийн биеийн байдал хүнд, амьсгалахад ихээхэн бэрхшээлтэй үед утлага эмчилгээ хамгийн хурдан үр дүн үзүүлж эрүүл мэнд амь, насыг нь аврах боломж олгодог. Шингэн хэлбэртэй эмийн бодисыг тусгай аппаратын тусламжтайгаар маш жижиг дусал (уур манан) болгон хувиргаснаар шууд уушги руу орох боломж олгодог аргыг утлага эмчилгээ гэнэ. Утлага бол багтраа буюу астма (asthma) өвчний үндсэн эмчилгээ юм. Түүнчлэн бусад шалтгаанаар шуугиантай амьсгалж буй, биеийн байдал хүнд тохиолдолд (амьсгалын тоо олширсон, цээж хонхолзсон, хөхрөлттэй, хөхөө хөхөж чадахгүй) хэрэглэж болно.

Хүүхэддээ зовиургүй үр дүнтэй утлагын нэг хэлбэр ваннад оруулах юм.

Хөнгөн зэргийн шуугиантай амьсгалын үед ч гормоноор утах заалтгүй гэдгийг санах хэрэгтэй! Харин шуугиантай амьсгалгүй ханиад шуухинаа, хатгалгааны үед дээрх бэлдмэлүүдийг хэрэглэх заалтгүй гэдгийг мөн анхаарах хэрэгтэй!

Хүүхэд ханиалгаад байна гэдэг шалтгаанаар даавараар (гормоноор) утуулах (тариулах, уулгах) нь ханиалга намдаах, вирус нянг устгах зэрэг ямар нэг үр нөлөөгүй гэдэг нь дээр тайлбарлан бичсэнээс ойлгомжтой бөгөөд дааварыг байнга/олон удаа хэрэглэх нь хүүхдийн дархлаа дарангуйлагдах, яс сийрэгжиж өсөлт удаашрах, хоолой хуурайших, сөөх зэрэг ноцтой сөрөг нөлөө үүсэх шалтгаан болох нь бий.

Иймд утлага эмчилгээ зөвлөсөн эмчээсээ яагаад, ямар эмийн бодистой утлага хийж, ямар дүн дүн хүлээж буйг заавал асууж ярилцаарай. Түүнчлэн утлагын аппаратын амны зуувч эсвэл маскыг сайтар ариутгаж халдваргүйжүүлсэн эсвэл нэг удаагийн хэрэгсэл хэрэглэж байгаа эсэхийг шалгахыг зөвлөж байна.

  • 5 767

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/