+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхдийг хэрхэн нэмэлт хоолонд оруулах вэ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол улсын Эрүүл мэндийн яам, Америкийн хүүхдийн эмч нарын нийгэмлэг хүүхдийг эхний 6 сар зөвхөн хөхөөр хооллохыг ( Breast feeding) зөвлөж байна.

Эхний 6 сар хөхний сүү эсвэл хүүхдийн тэжээл нь шаардлагатай бүхий л шингэн ба шимт бодисоор хангана. Иймд ус болон бусад шингэн өгөх шаардлага байдаггүй. Харин 6 сартайгаас хойш хөхний сүү/хүүхдийн тэжээл хүүхдийн хоол болон ундны хэрэгцээг бүрэн хангахгүй тул нэмэлт хоол өгч эхлэх хэрэгтэй.

4-6 сартайд хүүхэд нэмэлт хоол идэхэд бэлэн болно.

Энэ нь дараа шинжүүдээр илэрнэ:

  • Хэлээрээ түлхэх рефлекс арилна. Амьдралын эхний хэдэн саруудад хүүхдийн хэлний үзүүрт ямар нэг хоол тавихад шууд хэлээрээ түлхэж гаргадаг. Энэ нь нярай хүүхдийг хахахаас хамгаалдаг төрөлхийн рефлекс юм. Энэхүү рефлексийн нэг илрэл нь хүүхэд эхний хэдэн сар хэлээ байнга булталзуулдаг явдал билээ.
  • Өвөр дээр, эсвэл сандал ширээнд сайн суудаг болно. Толгойгоо эгц сайн даах нь чөлөөтэй залгих боломж бүрдүүлдэг.
  • Хөхөндөө эсвэл угжиндаа цадахгүй, ойр ойрхон өлсөнө. Хоол хараад идэх дур хүсэл төрж буй нь мэдэгдэнэ.

Эдгээр шинжүүд илэрч буй бол хүүхэддээ нэмэлт хоол өгч эхэлж болно. Хүүхэд бүрийн нэмэгт хоол идэхэд бэлэн болох нас өөр өөр байдаг. Нэмэлт хоолонд оруулах дэс дараа буюу заавал эхлэх хоол гэж байхгүй. Өнөөдрийн байдлаар ийм тийм хоолноос заавал эхлэх ёстой, 2 дахь нь тэр, ингэснээрээ хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө гэсэн нотлогдсон зүйл үгүй байна. Өөрөөр хэлбэл ямар ч хоолноос эхэлж болно гэсэн үг. Ээж нар заавал цагаан будааны шүүснээс эхлэх ёстой, энэ нь ходоод гэдсэнд өнгөр сайн суулгадаг гэх мэтээр ойлгодог нь шинжлэх ухааны хувьд үндэслэлгүй юм. Нэмэгдэл хоол өгч эхлэхтэй зэрэгцэн ус эсвэл цай зэрэг шингэнг өдөрт 60-120 мл өгч эхэлнэ. Хүүхдийн жин, баас, эрүүл мэндийн байдлыг нь үндэслэн эмч ямар хоолноос эхлэх нь тухайн хүүхдэд хамгийн зохимжтой болохыг зөвлөнө.

Эхний ээлжинд мэдээж маш сайн нухсан, шингэвтэр хоол байх ёстой.

Жишээлбэл: каш, жимс эсвэл ногооны зутан/нухаш эсвэл тараг гэх мэт. Хүүхэд 5-6 сар хүрч байгаа бол шууд бантан өгч болно. Хүүхэд өлссөн биш гэхдээ их цатгалан биш, ааш зан нь сайхан үед нэмэгдэл хоолыг өгнө. Учир нь өлссөн үед хөхөө эсвэл угжаа хөхөж байж тайвширч цаддаг, харин цатгалан үедээ шинэ хоол дуртай идэхгүй нь ойлгомжтой. Хүүхдийн буйлыг гэмтээхгүйн тулд хуванцар халбага сонгоорой. Нэмэлт хоолыг бага багаар дасгаж өгнө. Эхний өдөр ердөө 1-2 халбага өгч цаашид өдөр өдрөөр нэмэгдүүлнэ. 6 сартайгаас 1 настай хүүхдийн 1 удаагийн идэх хэмжээ нь 200 гр боловч хүүхдийн хоолны дуршил хооллох бүрт яг ижил байх албагүй. Хүүхдэд халбага ойртуулахад амаа жимийж толгойгоо хажуу тийш болгох, гараараа халбагыг түлхэх нь түүнийг цадсаныг илэрхийлнэ.

Хэрвээ хүүхэд чинь тодорхой нэг хоолыг идэх дургүй байгаа бол албадах хэрэггүй. 1-2 долоо хоногийн дараа дахин өгөх гээд оролдоорой. Хэрвээ нэмэгдэл хоол идсэний дараа хүүхдэд тууралт гарах, суулгах, бөөлжих шинж илэрвэл даруй түүнийг зогсоож эмчид хандаарай. Лаазалсан болон шилтэй бэлэн хоолоор хооллохдоо хүүхдийнхээ идэх хэмжээгээр аяганд тасалж авна. Ингээгүй тохиолдолд үлдэгдэл хоолонд нян үржих өндөр эрсдэлтэй гэдгийг мартаж болохгүй. Үлдэгдлийг маш сайн таглаж хөргөгчид 2-3 хоног хадгална.

Эхний нэмэгдэл хоолонд бүрэн дассаны дараа дараагийн хоолонд оруулж эхэлнэ. Өөрөөр хэлбэл 7 сар хүрэх үед 2 төрлийн нэмэгдэл хоол буюу хоногт 2 удаа хоол иддэг болно. Харин 8 сартай гэхэд 4 төрлийн хоол иддэг болсон байна.

1 ой хүртэл хүүхдэд хоногт 1 гр, 1-3 насанд 2 гр (насанд хүрсэн хүнд 6 гр) давс хэрэглэж болно. Сонгино сармис, лимоны шүүс зэргийг хэрэглэх нь хоолны амтыг сайжруулж давсны хэрэглээг бууруулдаг.

Хэрвээ хүүхэд чинь харшилтай бол эрт нэмэгдэл хоолонд оруулах гэж яарах хэрэггүй, болж өгвөл 6 сар хүртэл дан сүүгээр хооллох нь дээр. Ер нь хэтэрхий эрт нэмэгдэл хоолонд оруулах нь хүүхэд таргалах эрсдэл болдог гэдгийг санавал зохилтой.

Доорх тохиолдолд хүүхдийн эмчид заавал хандаарай. Үүнд:

  • Тодорхой нэг хоол хүнс идэхэд баас шингэрэх, суулгах, бөөлжих, өвдөлт өгч уйлах
  • Баас цустай гарах
  • Өтгөн хатах
  • Хүүхэд нэмэгдэл хоол идэхээс татгалзах, жингээ нэмэхгүй байх
  • 2 098

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/